УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хилээ хаасан энэ үед Монголбанканд тушаадаг алтны хэмжээ яагаад өсөж, 22 тоннд хүрснийг Б.Пүрэвдорж гишүүн тодруулав. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2019 онд манайд тушаасан алтны хэмжээ 15.1 тонн болж буурсан. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5-аас таван хувьд хүргэж өсгөсөнтэй холбоотой гэж бид харж байгаа. Коронавирусийн үеийн гэх нэг удаагийн хуулиар ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас олгох, “Алт-2” хөтөлбөрийг мөн дэмжих үүрэг хүлээсэн. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 107 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон. Энэ нь тодорхой үр дүнд хүрч, алтны нийлүүлэлтийг өсгөсөн гэж харж байгаа” гэсэн юм.
Цар тахлаас үүдсэн хямралын үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх гэсэн чухал заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгахаар зарчмын зөрүүтэй санал гаргасан нь сайшаалтайг С.Бямбацогт гишүүн онцолж, Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар, Монголбанк үүний тулд ямар ажил хийхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Энэ заалтыг Монголбанкныхан төдийлөн дэмжихгүй байгаа. Тус байгууллагынхны чиг үүргээс давсан ажил учраас тэр. Гэхдээ төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн УИХ-аас Монголбанк болоод Засгийн газарт өгч байгаа даалгавар гэж тайлбарласан. Экспортын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг ирэх онд түлхүү хэрэгжүүлэх үүднээс өгч буй гэсэн. Мөн төсвийн болон мөнгөний бодлогыг уялдуулахад хамтарч ажиллах боломжийг уг заалтаар олгож байгаа. Үүний хүрээнд холбогдох хуульд өөрчлөлт оруулна” хэмээв.
Дээрх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төсөлд тусгасан юм. Ингээд Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 68 хувь нь дэмжлээ.
ХУРАЛДААНЫ ДЭГ ЗӨРЧВӨЛ ТАНХИМЫГ ОРХИН ГАРНА
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцсэн юм. Б.Энхбаяр гишүүн “УИХ-ын хуралдааны дэг ямар байхаас хууль тогтоох үйл ажиллагааны үр нөлөө хамаарна. 2012-2016 оны парламентын үед З.Энхболд УИХ-ын дарга байхдаа 67 гишүүний өргөн барих гэсэн хуулийн төслийг хүлээж аваагүй юм билээ. Гишүүдийнхээ хууль санаачлах эрхийг хязгаарлаж байжээ. Миний санаачилсан хуулийн төсөл хүлээгдээд сар гаруй боллоо. УИХ-ын дарга маань өргөн барих тов өгөхгүй байна. Хэдэн гишүүн хууль санаачилсан бол өргөн барих тов өгдөг юм бэ. Зарим гишүүн хуулийн төслөө өргөн бариад тэр өдрөө хэлэлцүүлчих юм. Гэтэл хуулийн төслийн хүрээнд хоёр сар шахам судалгаа хийж, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлээд байхад л хүлээж авахгүй байх жишээтэй. Хурлын дэгээ хэлэлцэхдээ энэ талаар тодорхой тусгах хэрэгтэй байна” гэсэн юм. Үүнд УИХ-ын Г.Занданшатар “УИХ-д өргөн барьсан, хэлэлцэх, эсэхээ хүлээж байгаа олон хуулийн төсөл бий. Өргөн барих товын тухайд 15 хуулийн төслийг хүлээлгэж байгаа. Хүсэлт ирүүлсэн цаг хугацааны дарааллаар нь тов тогтоогоод хэлэлцээд явдаг” гэв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.1.3-т “Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаанд оролцох эрхийг нь хасах”- аар заасан. Тэгвэл дээрх төсөлд “Хуралдаанд оролцох эрхийг хасах гэдгийн оронд хуралдааны танхимыг орхин гарахыг үүрэг болгох” гэж оруулахаар тусгажээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулах бөгөөд гишүүд асуулт тавихгүй, байр сууриа илэрхийлэхгүй гэж одоогийн хуульд тусгасан нь учир дутагдалтайг С.Амарсайхан гишүүн хэлэв. Тэрбээр “Цэцийн дүгнэлт зөв, буруу гарсан, эсэхийг хууль тогтоогчид асуух эрхтэй, юунд үндэслэн ийм шийдвэр гаргасныг нь тодруулах ёстой. Үүнтэй холбоотой ямар заалт тусгаж байгаа вэ” гэж асуулаа. Үүнд хууль санаачлагч С.Бямбацогт гишүүн “УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж нь Үндсэн хуулийг зөрчсөн болон зөрчөөгүй аль ч тохиолдолд Цэц яагаад ийм дүгнэлт гаргасан талаарх асуултыг гишүүд тавьж, хэлэлцүүлэг хийх боломжтойгоор төсөлд тусгасан” гэж хариулав.
УИХ-ЫН 30 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬТАЙ БОЛОХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг хуралдаанаар шийдлээ. Манай улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг энэ сард тэмдэглэх бөгөөд үүний хүрээнд хууль тогтоох засаглалыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст уг медалийг олгох аж. Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, одон, медаль олгодог буруу хэвшлээ парламент нь өөрөө болиулах хэрэгтэйг сануулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн шагналын үнэ цэн унасан. Намын гишүүн мөн, эсэхээр нь одон, медаль өгдөг гэсэн үг. Энгэрээрээ дүүрэн медальтай суудаг ард түмэн дэлхийд хоёрхон байна. Одоо энэ буруу тогтолцооноос салах цаг болсон” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хэдэн хүнд медаль өгөх вэ. Түүнийг хэдэн төгрөгөөр хийлгэх вэ. Сум, аймгийн төдөн жилийн ой гээд олгодог одон медалийн тоо хэмжээгээ алдсан. Ингэж “төмөр” зүүж өгдгийг хориглох нь зүйтэй”-г онцоллоо. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд хууль санаачлагчид буцаахаар болов.
Дараа нь УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын тухай хуулийн 38.2 дахь заалт нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарласан гэж үзэн, Төрийн тэргүүн хориг тавьсан юм. Ингэснээр дахин нэмэлт оруулж буй бөгөөд Ерөнхийлөгч 38.1, 38.3 дахь заалт буюу зөвхөн Засгийн газрын санаачлах эрхтэй болон УИХ-ын дэг, үйл ажиллагаатай холбоотой асуудлаас бусдаар хууль санаачлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг төслийг 2019 онд өргөн барьсан бөгөөд 2017 оны судалгаанд үндэслэснийг С.Бямбацогт гишүүн шүүмжлэв. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлж дахин боловсруулах нь зүйтэйг тэрбээр онцолсон. Мөн С.Амарсайхан гишүүн нийслэлийг цаашид хэрхэн хөгжүүлэх бодлого байхгүй, 2020 он хүртэл хэрэгжүүлэх баримт бичгийг мөрдөж ирснийг хэллээ. Түүнчлэн нийслэл дэх барилгын чанар, стандартын талаар хуулийн төсөлд нарийвчлан тусгах нь зүйтэйг гишүүд онцолсон юм. Т.Доржханд гишүүн “Манай нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 1-2 ам метр байна. Харин олон улсын жишгээр бол нэг иргэнд 10-20 ам метр ногоон байгууламж ногддог”-ийг хэлж байв.