Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 18, ХҮН-аас хоёр хүн сонгогдсон. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо Засаг дарга болон ИТХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ өчигдрийн хуралдаанаараа шийджээ. Тодруулбал, дүүргийн Засаг даргад Н.Баярмөнх, ИТХ-ын даргад А.Баярыг дэвшүүлэхээр санал нэгдсэн аж. Н.Баярмөнх нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд 2012-2016 онд тус дүүрэг дэх МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. А.Баяр нь хуульч мэргэжилтэй, энэ оноос УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж буй гэнэ.
Тэгвэл Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг улирааж, ИТХ-ынх нь даргаар Г.Пүрэвгандийг сонгохоор шийдвэрлэжээ. Тус аймгийн ИТХ-д МАН 24, АН 14, МАХН-аас нэг хүн сонгогдсон юм. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилжээ. Харин тус аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөрийг ажиллуулахаар санал нэгдсэн гэнэ. М.Бадамсүрэн нь 2015 оноос хойш уг албыг хашиж байгаа юм. Мөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хурлын хороо, дэд хороодыг байгуулах талаар хэлэлцжээ. Тодруулбал, засаглал, эрх зүйн шинэчлэлийн, байгаль орчин, ногоон хөгжлийн, хот байгуулалтын, эдийн засаг, төсвийн, хүний хөгжлийн, зам, тээврийн болон түгжрэлийг бууруулах гэсэн долоон хороотойгоор нийслэлийн ИТХ ирэх дөрвөн жилд ажиллах гэнэ.