- Хотын төвөөс холгүй оршдог ч нүүрс түлж, хүүхдүүдийг хордуулсаар –
“Хэрэв гурван жилийн өмнө ирсэн бол багачууд минь хэд хэдэн давхар хувцастай орондоо ордог, багш нар ангидаа түрийтэй гуталтайгаа суудаг зутруухан дүр зураг угтах байлаа” гэж Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгч хэлэв. Хэдийгээр эл цэцэрлэгийн байдал дээр дурдсанаас арай сайжирсан ч өдий хүртэл төвийн дулааны шугам сүлжээтэй холбоогүй учир нүүрс түлж, утаа тортог дунд “аж төрж” байна.
Бидний мэддэгээр Чулуун-Овооны автобусны буудлын дэргэдэх “Жанжин зах” худалдааны төвийн ойролцоо тус цэцэрлэг байрладаг. Улаанбаатар хотын утааг бууруулж, түүхий нүүрснээс татгалзсан гэх боловч балчир үрсийн “гэр” болсон эл цэцэрлэг орчимд битүү хар утаа суунаглах аж. Үүний зэрэгцээ зам дагуу цагаан тоос бужигнана. Уг цэцэрлэгийн хашаа хүртэл шороон замтай тул олны хөлөөр тоос босож, өмссөн хувцас, гутал дорхноо бохирдож орхилоо. “Дулааны улиралд энэ гудамжинд шавар шавхай тогтож, хүн явах аргагүй болдог юм. Эцэг, эхчүүд элс асгасан ч нэмэргүй, үерийн ус даваад ороод ирдэг. Явган явах ямар ч боломжгүй” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхзаяа учирлав. Хар утаа, цагаан тоосыг “даваад” цэцэрлэгт хөл тавьсны дараа л нүд баясав. Эл цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулж, энэ хичээлийн жилд үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Будаг нь ханхалсан барилга гэсэндээ бүх зүйл нь гял цал. Тэр дундаа модоор сийлсэн тэмээний дүрс бүхий номын тавиур анхаарал татав. Гоёл чимэглэл болон баримлын шавар ашиглан гарын доорх материалаар бүтээсэн зургуудыг жаазалж ханандаа өлгөжээ. “Гэр хороолол дунд ийм гоё цэцэрлэг байдаг юм уу” гэж орж ирсэн бүхэн гайхдаг” хэмээн Д.Мөнхзаяа эрхлэгч бардам хэллээ. Цэцэрлэгийн дотор талыг “гоёж гоодож”, багш, ажилчид нь өөрсдөө тохижуулжээ. Сийлбэртэй модон тавиуруудыг мужаан нь урласан гэнэ. Тэд хэдий өөрсдийн боломжоор цэцэрлэгээ тохижуулж, хүүхдүүдийн ая тухыг хангахын төлөө хичээж буй ч нүүрснээс салж чадалгүй 20-иод жилийн нүүр үзжээ.
Уг цэцэрлэгийг 2001 онд байгуулсан бөгөөд А, Б гэсэн хоёр байртай байж. А байрыг 2011 онд барьсан бол Б-г нь мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартын шаардлага хангахгүй, зориулалтынх биш гэж дүгнэж, буулгах шийдвэр гаргасан байна. Тиймээс 1.5 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр шинэ байр барьсан нь энэ аж. Тус цэцэрлэгт 2-5 насны 430 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй. 20-иод жилийн өмнө эл цэцэрлэг дөнгөж 50 хүүхэдтэй, худгаас усаа зөөдөг, уурын зуухаар халдаг байжээ. Өнгөрсөн хугацаанд байраа өргөтгөн, хүүхдүүдийн тоог нэмж, ус зөөхөө больсон ч нүүрс түлсэн хэвээр. Шинэ барилга 250 хүүхдийн багтаамжтай ч 430 хүүхэд авсан аж. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхзаяа “Манай хамран сургах тойрогт цэцэрлэгийн насны 1300 гаруй хүүхэд бий. Тэднээс дөнгөж 400 гаруйг нь хамруулсан. Цаана нь 900 хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Бид хороондоо байрладаг хувийн цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдон улсын санхүүжилтээр цөөнгүй хүүхэд хамрууллаа. Зарим нь эцэг, эхийнхээ ажлын ойр цэцэрлэгт хамрагдаж байна. Гэвч цоожтой хаалганы цаана олон хүүхэд үлдсэн хэвээр. Тиймээс бид дахин 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг бариулахаар холбогдох газруудад хандсан. Цэцэрлэг барих хөрөнгийг 2021 оны улсын төсөвт суулгасан. Хажууханд байрлаж байсан “Амгалан” цогцолбор сургуулийн хуучин барилгыг буулган, газар дээр нь цэцэрлэг барихаар болсон. Гэсэн ч хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг багтааж чадахгүй. Мөн бидэнд тулгамдсан өөр нэг асуудал нь дулаан хангамж. Төвийн дулааны шугамд холбогдоогүй учир нүүрс түлдэг. Нэг сард бохир соруулахад 1.4-1.6, түлшинд 7.5 сая төгрөг зарцуулж байна. Аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл уурын зуухнаас халаалт авдаг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багагүй мөнгийг үр ашиггүй зардал болгож байгаа нь харамсалтай. Шинэ барилгыг ч мөн уурын зуухаар халаавал ойролцоогоор энэ төлбөр дээр сар бүр дөрвөн сая төгрөг нэмэгдэнэ. Төвийн шугамд холбогдоогүй учир бохир халина, цооногоос нь эвгүй үнэр ханхалдаг” гэв.
2001 оны эхээр өрөөнд нь мөс овойгоод хөлдчихдөг байсан талаар тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгч нь ярьдаг гэнэ. Хэдийгээр одоо мөс тогтохоор хүйтэн биш ч өглөөдөө хүүхдүүдийн гар, нүүр угаах ус нь үлбэгэр, бохир нь байсхийгээд л халих тохиолдол гарсан хэвээр. Шинэ барилгыг нь төвийн дулааны шугамд холбочих байх гэж найдсан нь талаар болсныг багш нар хэлнэ лээ. Одоо гурав дахь байраа хүлээн авахад л энэ асуудлыг цогцоор нь шийдэх байх гэв. “Бид цэцэрлэгээ хотын төвөөс алслагдсан газар байрладаг гэж боддоггүй. Цэцэрлэгийн ойролцоо АШУҮИС-ийн сургалтын төв, эмнэлгийн барилга, баруун хойд талд нь 147 дугаар сургууль саяхан үүдээ нээлээ. Эдгээр барилга нь бүгд төвийн дулааны шугамд холбогдсон. Гэтэл манайх олон жил нүүрс түлж байна. Уг нь төвийн халаалтад холбогдох боломжтой юм билээ” хэмээн Д.Мөнхзаяа эрхлэгч ярив. Харин өнгөрсөн жилээс энэ асуудлыг нааштай шийдвэрлэх сураг сонсогдох болжээ. Тодруулбал, удаа дараа хүсэлт гаргасны эцэст нийслэлийн Боловсролын газраас төвийн шугамд холбох техникийн нөхцөлөө гаргах үүрэг өгсөн гэнэ. Үүний дагуу шинээр барих байраа оролцуулан бүх зураг төслийг нь гаргажээ. Гэвч одоогоор хэзээ, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. 2011 онд барьсан барилгын дотор талын шугам сүлжээг шийдвэрлэх хэрэгтэй аж. Анхнаас нь бохирын цооногтой, уурын зуухаар халахаар тооцож барьсан учир бэрхшээл багагүй тулгарах гэнэ. Төвийн дулаанд холбох асуудлыг эртхэн шийдэхгүй бол дахиад л үр ашиггүй зардал гарах вий хэмээн эрхлэгч нь санаа зовнисноо нуусангүй.
Тус цэцэрлэгт улсаас урсгал засварын мөнгө олгодоггүй юм байна. Тиймээс нүүрс, түлээнд зарцуулж буй хөрөнгийн үр ашгийг хүртмээр байгаагаа эрхлэгч нь хэлсэн. Тус цэцэрлэгийн сантехникийн слесарь О.Нямдаваа “Усаа бойлероор халаадаг учир цахилгаан тасрахаар халуун усгүй болдог. Гурван зэрэг бойлер ажиллуулчихаад байхад л бүлээвтэр ус гардаг. Долоо хоногт хэд хэдэн удаа бохироо соруулдаг. Нэг удаад 50-60 тонныг соруулж байна. Бохирын худаг олон жил болсон учир үнэр танар нь дийлдэхгүй. Уг нь манай цэцэрлэгийг төвийн дулаанд холбочихвол энэ бүх асуудал үгүй болно” гэв.
Цагаан малгай, хормогч зүүсэн дөрвөн хүүхэд аяга, таваг зөөгөөд тун завгүй. Тэд өнөөдөр ангидаа жижүүрлэж, багшдаа тусалж буй аж. Анги, ширээ, сандал нь цэвэрхэн ч тийм гэхийн аргагүй эхүүн үнэр тэндээс үнэртэж байв. Энэ нь мөн л бохироо соруулдагтай нь холбоотой гэнэ. Тус ангийн туслах багш У.Ариунзаяатай цөөн хором ярилцав. Тэрбээр эл цэцэрлэгт дөрөв дэх жилдээ ажиллаж буй аж. “Шинэ байрандаа төвхнөөд удаагүй учраас хэр дулаахан өвөлжихийг мэдэхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд анги их сэрүүхэн байсан” хэмээлээ. Хуучин барилга нь дулаан их алдагддаг тул хүйтэн байжээ. “Цэвэр агаар” төслийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр цонхыг нь сольж, гадна талыг нь дулаалсан гэнэ.
Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл 400 гаруй хүүхэд нүүрсний угаар дунд сурч, хүмүүжиж байна. Тэнд агаарын бохирдол харьцангуй өндөр гэнэ лээ. Өглөө хүүхдүүдийн гар хүйтэн байдаг учир багш нар нь дасгал, хөдөлгөөн хийж дулаацуулдаг аж. Хүүхдүүдийг “хөлдөөхгүй” байх чухал үүргийг “Хоёулаа хүү” компанийн ажилчид хариуцдаг гэнэ. Тус цэцэрлэгийн зүүн талд “Халаах зуух” гэсэн хаягтай модон хашаа байх. Тэнд уурын зуух ажиллуулдаг юм байна. Том төмөр зууханд улаан цог харагдана. Хажууханд нь овоолсон нүүрснээс галч М.Нармандах хүрздэн зуух руу шидэж байв. Тэрбээр “Би “Жанжин” клуб, 20 дугаар цэцэрлэгийн халаалтыг хариуцдаг. Хоёр хоёроороо, гурван ээлжээр ажилладаг юм. Багануурын нүүрс түлдэг” гэв. Цэцэрлэгээс тавхан алхмын цаана байрлах уг зуухнаас хар утаа олгойдох бөгөөд цэцэрлэг тарах үеэр угаарын хий улам нэмэгддэг гэнэ. Хүүхдүүдийг ээлтэй орчинд сургах нөхцөлөөр холбогдох байгууллага нь хангана гэж найдъя.