Томуугийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрч, олныг хамарч болзошгүй тул мэргэжлийн байгууллагынхны зөвлөмжийг иргэд тогтмол мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхааруулав. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид энэ талаар “Сүүлийн гурван сард томуу төст өвчин болох реновирус, энтеровирусийн тохиолдол олширсон. Харин томуугийн улирал хараахан эхлээгүй. Томуугийн вирус нь томуу төст өвчнийхөөс илүү хоруу чанартай, олныг хамарч, бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэйг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олныг хамарч, магадгүй цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэлтэй. Тиймээс иргэд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол, хүнсээр дархлаагаа дэмжих хэрэгтэй. Мөн гарын ариун цэврийг сайтар сахиж, тогтмол халдваргүйжүүлэх, амны хаалт хэрэглэж заншихыг уриалж байна” гэсэн юм.
Хүн амын дунд өдгөө томуу төст энтеровирусийн халдвар буюу гар, хөл, амны өвчин, бас реновирус тархжээ. Энтеровирусийн халдвар нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй, гар, хөлөөр цэврүүт тууралт гардаг. Уг вирусээр халдварласан хүүхдэд голчлон халуурах шинж тэмдэг илэрдэг. Мөн хэвлийгээр базалж өвдөн, суулгах, бөөлжих нь ч бий гэнэ. Энтеровирусийн халдвар авсан тохиолдолд эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэж болохгүй юм байна.
Реновирусийн халдвар өнгөрсөн долдугаар сараас хүн амын дунд тархаж эхэлжээ. Энэ нь хамрын салстад байрладаг, даарснаас хүний биеийн хэм 33-35-д хүрмэгц идэвхжиж эхэлдэг вирус аж. Тиймээс энэ сарын эхээр цочир хүйтрэхэд олон хүн, тэр дундаа бага насны хүүхдүүд олноор реновируст өртжээ. Биеийн хэм 37 хүрэхэд реновирус идэвхгүй болдог учир эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад хүрсэн үед нь халуун, бүлээн шингэн сайн уулгаж, дулаан хувцаслах шаардлагатай гэнэ.