Ганцаардлаас улбаатай стресст өртөхгүй байхад гэрийн тэжээвэр амьтдын ач тус их гэдгийг Британийн Йоркийн их сургуулийн мэргэжилтнүүд онцолжээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хязгаарлах арга хэмжээнүүд хүмүүсийн хөдөлгөөн, идэвх зэргийг тодорхой хэмжээнд хумигдмал байдалд оруулсан. Өөрийгөө тусгаарлах үед гэрийн тэжээвэр амьтад стрессийн түвшнийг бууруулдаг болохыг нотолсон талаараа тус багийнхан мэдээлээд “Нохой, мууртай гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн эрүүл мэнд илүү сайн, ганцаардах мэдрэмжийг бууруулдаг” гэжээ. Судлаачид өнгөрсөн 3-6 дугаар сарын хугацаанд 6000 гаруй хүнээс стресс, сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалгаа авахад 90 гаруй хувь нь “Гэрийн тэжээвэр амьтан маань тусгаарлалтын дэглэмийн үед сэтгэлд дэмтэй байж, хязгаарлагдмал байдлыг гойд мэдрэхгүй өнгөрүүлж байна” гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 96 хувь буюу бараг бүгд амьтан тэжээх нь зөвхөн сэтгэл зүйлд тустай биш, бие бялдраа чийрэгжүүлж буйгаас ялгаагүй хэмээсэн байна. Судалгааны багийнхны тэмдэглэснээр, хүн болон амьтны сэтгэл хөдлөлийн холбоо нь муур, нохой, яст мэлхий, гахай алин байхаас буюу төрөл зүйлээс үл хамааран адил байдаг аж. Йоркийн их сургуулийн доктор Хелен Ратшен “Судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь гэрийн тэжээвэр амьтдыг стрессгүй амьдралын нэг шалтгаан” гэснийг бодууштай гэжээ.
Бэлтгэсэн: Э.Хана