Манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн бас нэгэн тулгамдсан асуудал болсон. Тодруулбал, зургаан сартай нийт нялхсын дөнгөж 50, хоёр хүртэлх насны хүүхдүүдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж. Тиймээс хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг ухуулан сурталчлах, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн “Амгалан” амаржих газрынхан Хөхөөр хооллохыг дэмжих төв нээжээ. Тус эмнэлгийнхэн эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд “JCI Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Save angel’s” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд дээрх төвийг нээсэн юм байна. Мөн нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай 12 нэр, төрлийн 50 гаруй багаж, тоног төхөөрөмж нийлүүлжээ.
Бэлтгэсэн: О.Бат