Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн үйлчлүүлэгчдийг тасаг, нэгжийн хооронд төөрөлдөж, чирэгдүүлэхгүй байх үүднээс Соёл, үйлчилгээний алба нээн, хөтөч ажиллуулаад удаж буй. Тэд өвчтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусламж, үйлчилгээ авахад нь чиглүүлэх үүрэгтэй. Тэгвэл тус эмнэлгийнхэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд туслах ажилтан, хөтөч, сувилагч нараа дохионы хэлний сургалтад үе шаттайгаар хамруулж эхэлжээ. Эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнтэй ойлголцох, нийгэмд тэгш оролцох боломж олгоход нь тус сургалтын ач холбогдол оршино. Ташрамд дурдахад, Сонсголгүй иргэдийн дэлхийн долоо хоног энэ сарын 21-27-нд тохиож буй бөгөөд улс орнууд эл өдрийг “Дохионы хэлний эрхийг хүн бүрт”, “Үндэсний дохионы хэлийг хуулиар баталгаажуулах нь”, “Тэгш боломжийг сонсголгүй иргэдэд”, “Сонсголгүй хүний манлайлал”, “Би хүний эрхийн төлөө дохино” зэрэг уриан доор тэмдэглэж байгаа аж.