Улаанбаатар хот саяхнаас “Хүн байгаль хүйн холбоотой” хэмээх шинэ уран бүтээлтэй болсон билээ. Уг зургийг “Arto crew” уран бүтээлчдийн багийнхан зурсан юм. Дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж буй ханан дээрх урлагийг Монголдоо дэлгэрүүлж байгаа залуу үеийн төлөөлөл, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд уран зураач мэргэжлээр суралцдаг, “Arto crew” багийн ахлагч Б.Одгэрэлтэй ярилцлаа.
-“Arto crew” уран бүтээлчдийн баг ямар ямар чиглэлээр ажилладаг вэ?
-График дизайн, керамик урлал, уран зураг, геологи, археологи, интерьер дизайны чиглэлээр суралцдаг зургаан залуу 2017 онд нэгдэж, “Arto crew” старт ап компаниа байгуулсан. Интерьерийн зөвлөгөө өгдөг, сургалт явуулдаг зэрэг охин компанитай, олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэгээрээ онцлог. Бид ажлаа нууцлаг байдлаар явуулахыг эрмэлздэг. Асрамжийн газар, цэцэрлэгүүдийн өрөөг тохижуулж, нурах шахсан балгасыг сэргээн засаж, хотын зарим барилгын ханан дээр урам өгөх үгнүүд бичдэг байсан. “Бид чадна” ТББ-тай хамтран “Room10” төсөл санаачилж аутизм, дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийг тохижуулсан. Бид тухайн байгууллагуудаас ажлын хөлс авдаггүй, “Тэсо”, “Эм Си Эс” зэрэг компанитай хамтран, дэмжлэг авч ажилладаг.
-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн ханан дээр “Хүн байгаль хүйн холбоотой” гэх уран бүтээлийг та бүхэн зурсан юм байна. Хамтарч ажиллах санал ирэв үү, эсвэл танай багаас санаачилсан уу?
-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Байгаль эн тэргүүнд” төсөл хэрэгжүүлж буй юм билээ. Уг төслийг санаачлагч, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамтын ажиллагаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анур бидэнтэй холбогдон уг ажлыг санал болгосон. Хүн бүр өөрөөр харах байх. Зарим нь “Зураг дээрх хүүхдийг яагаад ийм жижигхэн зурсан юм бэ. Яагаад энэ ханан дээр зурав” гэсэн бол эергээр хүлээж авсан нь олон.
-Уран зурагт цэг, зураас болгон утга учиртай. Уран бүтээлээс тань уншигчдын хараагүй зүйлсийг тайлж хэлж өгөөч.
-Зураг дээрх нахиалж буй ургамлаар багийнхнаа илэрхийлсэн. Төвд байрлах хүүхэд нь хүн бүр амьдралд ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр ирдэг гэсэн санаа агуулж буй. Мөн уг хүүхэд нь хүний болон ургамлын үрийг төлөөлнө. Мод анх ингэж ургадаг бөгөөд хүн ч түүний адил төрж, өсөж, хөрсөнд буюу хүрээлэн буй орчинд шингэдэг. Дэлхийд ховордож буй гэдэг утгаар нь гэрэлт цох зурсан. Бидний бүтээлд зураач З.Түмэнжаргал, Г.Амгаланбаатар нар зөвлөгөө өгсөн.
-Том хэмжээний эл уран бүтээлийг хэр урт хугацаанд зурав?
-Эл зураг 10 метр өндөр, 12 метр өргөн. Бүтээлийн санаагаа олж, зургуулаа ес хоногт багтааж зурсан. Бид нэг хүсэл сонирхол дээр нэгдэж, бие биеэ маш сайн ойлгодог.
-Ханын зураг гэхээр графит төсөөлөгддөг. Харин танай хамт олон графит биш, уран зураг түлхүү зурдаг юм байна.
-Бид ханын зурагтаа үг, үсэг төдийлөн оруулалгүй, уран зургийн хэв маягийг илүү тусгадаг. Зөвшөөрөлтэй ч бай, зөвшөөрөлгүй ч бай хүний эд зүйл, ханан дээр зурахыг вандализм гэж нэрлэдэг. Үүнээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь бусдыг уриалсан хандлагатай графит урлаг юм. Автограф хэмээх гарын үсэгтэй төстэй сараачиж зурдаг урлаг бас бий. Үүнийг мэдэхгүй хүмүүс ингэж будаг цацахыг хэн ч чадна гэдэг. Манай улсад ханан дээр зурдаг уран бүтээлч, суралцагчдад лаборатори, сурах орчин үгүй учраас бие дааж сурахаас өөр аргагүй. Иймээс энэ урлагийн талаар хүмүүс ойлгодоггүй.
-Цаашид юун дээр төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хувцас загварын салбарт хүчээ сорьж, панк төрлийн хувцас урлахаар бэлдэж байна. “Ковид-19”-ийн улмаас сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоосон. Бид хүүхдүүдээ сонгохдоо зурж чаддаг, эсэхийг чухалчилдаггүй. Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг бүтээе гэснийг нь сонгоод сургадаг. Зурж чаддаггүй ч байсан бид тэдэнд зурж чадна гэсэн итгэл өгдөг.
Бэлтгэсэн: Б.Намуун