"Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй шүүх байгууллагаас анх удаа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадорж мэдэгдлээ. Тэрбээр Ж.Эрдэнэбатын шүүх хурлын үеэр хэвлэлээр ийнхүү ярьж, шүүх байгууллагад хандан шаардлага хүргүүллээ.
ХЭҮК-ын дарга асан Ж.Бямбадорж: "Эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсын шүүгчид анх удаа хүний эрхийг ноцтой зөрчиж, Монгол Улсын нэр хүндийг гадаад, дотоодод шившиг болголоо.
Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хууль бусаар цагдан хорьсноос хойш хэдэн өдөр өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл хийж, ХЭҮК-ийн гишүүн Оюунчимэг ерөнхий шүүгчид хандан шаардлага хүргүүллээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд шүүхээс анх удаа халдсан тохиолдол энэ боллоо. Зөрчлийг нэн даруй арилгахын оронд шүүхээс өөрсдийгөө хамгаалсан үндэслэлгүй тайлбар хийж, Ж.Эрдэнэбатыг суллахгүй байна.
Энэ онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ээлжит тайлангаа тавина. Шүүгчдийн хүний эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэрээс болж Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий гэж айж байна" гэв.
Тэрбээр хууль шүүхийн байгууллагаас дараах дөрвөн зүйлийг шаарджээ.
Нэгдүгээрт, шүүх байгууллага Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин илүү хэмжээтэй барьцааны мөнгө тогтоож, түүнийгээ биелүүлэхийг даалгасан шийдвэр гаргалаа. Шүүхийн энэ хууль бус үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.
Хоёрдугаарт, Ж.Эрдэнэбатыг шүүхээс дуудахад тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж шүүх мэдэгдлээ. УИХ-ын шийдвэрээр ээлжит сонгууль зарлаж, нэр дэвшигчид 20 хүрэхгүй хоногт багтаан сурталчилгаа хийх хуультай. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт маш давчуу хугацаанд сурталчилгаа хийж явсан. Энэ тохиолдлоос өөр ямар хүндэтгэн үзэх шалтгаан байх билээ. Харин ч нэр дэвшигчийг хорлосон ажиллагаа болсныг хүлээн зөвшөөр.
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, хууль бус шийдвэр гаргасан шүүгчид ёс зүйн болон хууль зүйн хариуцлага хүлээлгэж, олон нийтэд мэдээл.
Дөрөвдүгээрт, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж, дүгнэлт гаргахыг шаардаж байна гэв.