Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулах болсон талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр "Үндэсний их баяр наадам хийх эсэх талаар нэлээд ярьж байгаа. Зарим нь хийж яах юм гэж байгаа бол сонгууль хийж байж ард түмний баяр наадмыг таслах юм биш биз гэсэн маш их санал хөдөө орон нутгаас ирж байна.
Өнгөрсөн 99 жилийн түүхэнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхгүй өнжиж байсан удаа байхгүй. Монгол Улсын түүхэн эгзэгтэй үеүүд болох 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, лам нарын бослого болж байхад ч Үндэсний баяр наадмаа хийж л байсан юм билээ.
Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй байгаа тохиолдолд, сонгуулиа хийж байгаа юм чинь Үндэсний баяраа хийх нь зөв байх. Гэхдээ өмнөх шигээ нийтийг хамрахгүй, техник технологийн дэвшлийг ашиглан цомхон байдлаар хийхээр ярьж байна" гэлээ.