Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн.
Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. БНСУ-аас 300, Япон-оос 100 хүн, бусад улс орнуудаас нийлээд 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн чартер нислэгээр авчрах аж. Монгол Улсаас БНСУ, Японд суугаа Элчин сайдын яамд өчигдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр /2020.03.12/ 18.00 цагт дуусах юм байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг хэлэхдээ “Өчигдрийн байдлаар БНСУ-аас хүндэтгэн үзэх шалтгаантай 250 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдийн ихэнх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьсон иргэд байгаа юм. Нислэгээс өмнө иргэдийг тухайн улсад шинжилгээнд оруулна. Хэрэв халдвар илрэх юм бол тухайн улсад нь эмчлүүлэх дүрэм журмыг нарийн дагаж мөрдөнө.
Тухайлбал, БНСУ-д шинэ коронавирусийн халдварыг нэг хоногийн дотор илрүүлэх шинжилгээний зардал нь 160 мянган вон буюу 320 мянган төгрөгийн үнэтэй. Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 320 орчим сая төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрахад зарцуулахаар болсон. Үүнд дөрвөн удаагийн чартер нислэг, иргэдийн шинжилгээний зардал гэхчлэн бүх зүйлс багтсан.
Харин иргэдээс өөрсдөөс нь эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах хоол, ундны зардал болон нислэгийн зардал гарах юм. Нэг иргэн 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах газраасаа шалтгаалаад дунджаар 31.000-50.000 төгрөг гарна гэж тооцоолсон. Харин чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар байдаг. Хэрэв МИАТ-ын буцах тийзтэй бол хамаарахгүй.Үлдсэн бусад зардлыг Засгийн газар хариуцна” гэв.