ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган нар Сирийн Идлиб муж дахь нөхцөл байдлын талаар ярилцахаар Пүрэв гарагт /2020.03.05/ Москвад уулзжээ. Төрийн тэргүүн нар зургаан цаг хэлэлцсэний эцэст Сирийн Идлиб мужид 3-р сарын 6-ны шөнө дундаас хойш гал зогсоож Сирийн M4 хурдны замаас хойд болон өмнөд зүгт 6 км-т аюулгүй байдлын зурвас гаргаж, тус нутаг дэвсгэрт хамтарсан эргүүл хийхээр тохиролцжээ. Ерөнхийлөгч В.Путины тэмдэглэснээр “ОХУ болон Турк улс Сирид болж буй үйл явдлын талаар тэр болгон ижил дүгнэлтэд хүрч чаддаггүй ч хоёр орны өндөр түвшиний харилцаанд тулгуурлан маргаантай асуудалд тохиромжтой шийдэлд хүрсээр ирсэн бөгөөд энэ удаа ч мөн тохиролцоонд хүрчээ. Хоёр орны тэргүүн нар гурван цаг ганцаарчилсан уулзалт хийсний дараа хоёр талын төлөөлөгчид оролцсон байна. Талууд Астанагийн тохиролцооны хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа харилцан бататгасан байна. Энэ удаагийн уулзалтын дүнгээр хоёр улс нь “Сирийн энгийн номхон иргэдийн зовлон шаналлыг дуусгах ёстой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч эцэст нь мэдэгдсэн байна. ОХУ Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ёсгүй, олон улсын алан хядлагатай хийх тэмцлээ сулруулж болохгүй гэсэн болзол тавьсан бол Туркийн тал нь курд үндэстний зэвсэгт бүлэглэлүүдийг Туркийн хил руу ойртуулахгүй байхыг шаардаж байгаа юм.