АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 5 жилийн хугацаатай нийт 15 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Уг хөтөлбөр нь Монгол Улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клечески болон Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар оролцож үг хэллээ. Уг төсөл нь Хөгжлийн Шийдэл ТББ-аар дамжин УБ хот болон 12 аймагт хэрэгжинэ.
Элчин сайд Майкл С. Клечески: " Жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин гэж АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрдөг” гээд, энэхүү шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болж, компанийн засаглалыг сайжруулахад туслан улс орны эдийн засгийн биеэ даах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ арга хэмжээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын хоорондын стратегийн түншлэл болон бусад холбогдох хоёр талт хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнг бэхжүүлэх талаар цохон тэмдэглэв.
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2017 оны эцэст Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн ангилалд хамрагдаж байна. Жижиг дунд бизнесүүд нь Монгол Улсын ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлж, үндэсний ажиллах хүчний талаас илүү хувийг ажлын байраар хангадаг байна.
2016 оноос хойш АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 750 жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк санхүүгийн байгууллагуудад зуучлан холбож, тэдгээр бизнес эрхлэгчид нь 600 ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалтаа 20 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна.
Харин шинээр эхэлж буй BEST хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын ОУХА нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, зээл авах чадамжгүй бизнесүүдэд буцалтгүй санхүүжилт өгөх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэх замаар жижиг дунд бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх аж.