Дамаск Идлиб мужийн агаарын орон зайг хаасны дараа Сири дэх Туркийн нисэх хүчний аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгээ Оросын тал мэдэгдлээ. Идлибийн агаарын орон зай хаагдсан тухай ням гарагт зарласан юм. Агаарын орон зайг зөрчсөн аливаа онгоцыг дайсагнасан гэж үзэж тэр даруй устгах болно гэж Дамаск мэдэгдсэн байна. Эл шийдвэрийг Сирийн эрх баригчид тус бүсэд нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан гаргасныг Дайтаж буй талуудыг эвлэрүүлэх Төвийн (ДТЭТ)дарга Олег Журавлев сануулсан байна. Туркийн зэвсэгт хүчин Идлиб болон түүний орчмын бүс нутагт дахь Сирийн засгийн газрын арми руу довтолсоор байгаа нь “террористуудыг аварч” байгаа явдал гэж Дамаск мэдэгджээ. "Энэ явдал өмнө нь хэлцлээр хүрсэн бүх тохиролцоог зөрчиж байна" гэж мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн босогчид Туркийн их бууны дэмжлэгтэйгээр Сирийн армийн Кминас, Найроб дахь хамгаалалт руу довтолсон юм. Оросын Су-24 цохилт өгснөөр Сирийн засгийн газрын цэргүүдэд дайралтыг зогсоож чадсан байна. Эл агаарын цохилтод Туркийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр тус улсын 3 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 5 нь шархаджээ. ДТЭТ Анкараг террористуудад дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна. Гэсэн ч 2-р сарын 27-нд “Хайят Тахир аш-Шам”-ын террористууд Сирийн армийн эсрэг томоохон дайралт хийснээр нөхцөл байдал улам хурцаджээ. Засгийн газрын хүчнийхэн хариу гал нээсний дүнд тухайн байрлалд байх ёсгүй байсан Туркийн 36 цэрэг амь үрэгдэж, 30 хүн шархаджээ. Үүний дараа Оросын тал амь үрэгдсэн болон шархадсан Туркийн цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх нөхцлийг хангах үүднээс гал зогсоох арга хэмжээ авсан байна. Баасан гарагийн /2020.02.28/ орой НАТО-ийн зөвлөл Анкарагийн хүсэлтийн дагуу Сирийн нөхцөл байдлын талаар зөвлөлдсөн байна. РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын Төрийн департамент “тус хямралын үед Туркийг дэмжих хувилбарыг судалж байгаа” аж.