БНХАУ-ын дарга Си Жиньпиний Японд хийх айлчлалыг коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан хойшлуулсан тухай “The Asahi Shimbun” сонин мэдээлэв. Тус сонины Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Токио болон Бээжин Си Жиньпиний айлчлалыг дор хаяж энэ оны намар хүртэл хойшлуулахаар тохиролцжээ. Холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэн гаргасны дараа албан ёсоор мэдэгдэнэ гэж эх сурвалжууд тэмдэглэжээ. БНХАУ-ын дарга 2008 оноос хойш Японд айлчлаагүй юм байна. Си Жиньпиний айлчлал 4-р сард төлөвлөгдсөн байсан бөгөөд Японы тал үүнд онцгой ач холбогдол өгч байгаа аж. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ эринийг нээнэ гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нэг бус удаа мэдэгджээ.