Идлиб мужид Туркийн цэргүүд амиа алдсаны дараа тус улс Сирийн армид газраар болон агаарын цохилт өгч эхэлжээ. Өмнө нь Сирийн Агаарын цэргийн хүчний өгсөн цохилтын улмаас Туркийн 33 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 36 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн тухай Сиритэй хил залгаа Хатай мужийн амбан захирагч Рахми Доган өмнө нь мэдэгдсэн юм. Зарим эх сурвалжууд болохоор агаараас цохилт өгсөн нь Сирийн арми бус харин Оросын Агаар сансрын хүчний онгоцнууд гэж мэдээлж байна. Оросын тал эл байлдааны ажиллагаанд оролцож Сирийн армийн хамгаалалтыг сэтэлсэн босогчдод СУ-24-өөр цохилт өгснөө мэдэгдсэн юм. Хариуд нь Туркийн армийн ангиуд Асадын цэргийн байршил руу их бууны цохилт өгч эхэлжээ. Энэ талаар Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга Фахреттин Алтун “Руанда улс ба Боснид болж байсантай адил зүйлсийг Идлибт болохыг бид зүгээр хараад суухгүй. Бид Асадын дэглэмийн байг мэдэх тул тэдгээрт цаашид ч агаар болон газраас цохилт өгсөн хэвээр байх болно. Олон улсын хамтын нийгэмлэг хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна. Асадын арми Оросын дэмжлэгтэйгээр Идлибыг эзлэх гэж байгаа тул Туркийн удирдлагууд цаашдаа Европыг чиглэсэн Сирийн дүрвэгчдийг урсгалыг тогтоон барьж дийлэхгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэгвэл Сирийн төрийн мэдээллийн САНА агентлаг Туркийн арми босогчдын дэмжлэгтэйгээр Идлиб мужийн Саракиб хот руу давшиж эхэлсэн тухай пүрэв гарагт мэдээлжээ. Сирийн арми хоёрдугаар сарын эхээр тус хотыг чөлөөлөөд байсан аж. Харин Оросын телевизийн "Россия 24" сувгаар мэдээлснээр, Туркийн цэргүүд Идлиб муж дахь Сирийн Засгийн газрын цэргүүдийн байрлалууд болон ОХУ-ын нисэх онгоцууд руу гал нээжээ. Идлибын асуудлаар Турк ба ОХУ-ын хооронд хийж буй хэлэлцээ дорвитой үр дүн гараагүй байгаа бөгөөд Анкара энэхүү бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган урьд нь мэдэгдсэн билээ. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэхдээ, Туркийн хариу үйлдлийг үл харгалзан Алеппо, Идлиб мужуудыг чөлөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж цохон тэмдэглэжээ.