Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгалаа. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн хэллээ.
Тэрбээр "Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ингэж байж бид нөхцөл байдлыг давна. Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол тодорхой хэмжээнд хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Энэ бол нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Улсын онцгой комисс сайн ажиллаж байна. Цаашдаа ч сайн ажиллах ёстой.
Даваа гараг хүртэл хорио цээрийг сунгах нь зүйтэй гэж би харж байна. Тэгэхгүй бол маргааш сар шинийн золголтууд үргэлжлээд, нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Тийм учраас бид хэдэн сар тэсэж, тэвчих хэрэгтэй. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг ойлгож байна. Гэхдээ одоо Засгийн газар шинжлэх ухаанд суурилж гаргасан зөвлөмждөө тулгуурлаж ажлаа хийх ёстой. Хэл ам гарах, олон түмэн бухимдана гэсэн асуудал байх ёсгүй. Учир нь энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал" гэлээ.