УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг хэлэлцлээ.
АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон.
Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.