Венесуэлийн эрх баригчид өчигдөр буюу Даваа гарагт /2020.02.17/ Каракас дахь Францын элчин сайдын яамны тэргүүн Ромейн Надалийг Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутган эсэргүүцлийн бичиг хүргүүлжээ. Энэ тухай El Nacional сонин мэдээлэв. "Венесуэл улсад суугаа Францын Элчин сайд Надаль дипломат албан тушаалтны хувьд түүнд олгосон давуу эрхийг урвуулан ашиглаж байна. Түүний зүгээс гаргасан сүүлийн үйлдэл нь улс үндэстнүүд хоорондоо энх тайван амьдран оршихыг зохицуулдаг дэг журам, ёс заншлын тухай олон улсын конвенцуудыг зөрчиж байна" гэж эсэргүүцлийн баримт бичигт цохон тэмдэглэжээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн Каракасын нисэх онгоцны буудалд хийсэн уулзалтад Францын элчин сайд оролцсон явдал өдөөн хатгалга мөн гэж бичигт онцолжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Венесуэлийн Дээд шүүх Гуайдог эх орноосоо явахыг хориглосон шийдвэр гаргасан ч улс төрч терроризмын эсрэг дээд хэмжээний уулзалтад оролцохоор 1-р сарын 19-нд Колумбын нийслэлд хүрэлцэн ирсэн аж. Үүнийхээ дараа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Европын хэд хэдэн орон болон Канад, АНУ-д айлчлал хийж байгаад энэ сарын 11-нд эх орондоо эргэж ирсэн байна. 2019 оны 1-р сарын 23-ны өдөр Гуайдо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэдгээ зарласны дараа Венесуэл дахь нөхцөл байдал хурцдаад байгаа билээ. Түүнийг Венесуэлийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч гэдгийг АНУ, Лима бүлгийн улсууд (Мексикээс бусад), Америк тивийн улсуудын байгууллага, Европын холбооны ихэнх улсууд хүлээн зөвшөөрсөөд байгаа аж. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ үйл явдлыг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзээд АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм. Мадурог дэмжиж байгаагаа ОХУ, Беларусь, Иран, Хятад, Куб, Никарагуа, Сири, Турк улсууд илэрхийлсэн билээ.