НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дараг Антонио Гуттерришийн Исламабад хотод айлчилж байх үеэрээ тавьсан Кашмирын асуудлыг зохицуулахад зуучлагчийн үүргийг гүйцэтгэх саналыг Энэтхэг улс хүлээн авсангүй. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Равиш Кумар мэдэгджээ. “Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөөгүй. Жамму болон Кашмир Энэтхэгийн салшгүй хэсэг байсан, цаашид ч байх болно. Пакистаны хууль бусаар хүч хэрэглэн эзэлсэн газар нутгийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Бусад асуудлыг, хэрэв үүсэн гарвал хоёр талын хэлэлцээгээр шийдэх ёстой. Гуравдагч этгээдийн зуучлал хэрэггүй” гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Энэтхэгийн эсрэг явуулж буй террорист үйл ажиллагааг Пакистаны эрх баригчид зогсоох хэрэгтэй гэж Нью-Дели үзэж байгааг мэдэгдэлд онцолсон байна. "Хүний хамгийн чухал эрх болох Энэтхэгийн ард түмний амьдрах, тэр дундаа Жамму, Кашмир нутагт амьдрах эрхэнд аюул занал учруулж буй терроризмыг таслан зогсоохын тулд Пакистаны тал найдвартай, эргэлт буцалтгүй арга хэмжээ авах шаардлагатай байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэнэ гэж найдаж байна" хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пакистанд дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Исламабад хотод болсон Афганистаны дүрвэгсдэд зориулсан олон улсын бага хуралд оролцсон юм. Уг хурлын үеэр үг хэлэхдээ, “Кашмир болон энэхүү маргаантай бүс нутагт хоёр талыг зааглагч бүсийн байдалд “ихээхэн түгшиж байгаагаа” илэрхийлсэн байна. Энэтхэг, Пакистаны эрх баригчид Кашмирын асуудалд “маш хүлээцтэй хандах” нь чухал болохыг тэрбээр цохон тэмдэглээд хоёр улс зуучлагчийн талаар хэлэлцэн тохиролцсон тохиолдолд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.