Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас эрэн сурвалжлаад байгаа юм.
Тэгвэл түүний талаар ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа "Ч.Сайханбилэг гадны улсаас иргэншил хүсээд тус улсын хуулийн компанид хандсан байна лээ. Ингэж байхаар Монголдоо ирээд хуулийн байгууллагад байцаагдаад зөв буруугаа тогтоолгочих хэрэгтэй.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа ямар ч намын бодлогогүйгээр хувиараа шийдвэр гаргасан. Тэр хүн Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Ч.Сайханбилэг хувь хүнийхээ үүднээс тэрхүү ажлыг хийсэн. Ардчилсан намд хамаагүй" гэсэн юм.