Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр "Коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгийн аюулаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигт цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар дурдсан. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийвэр гаргах, цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоохыг Засгийн газарт үүрэг болгосон.
Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэж ийнхүү шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор маргаашнаас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх болно. Энэ хүрээнд цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ үүнийг шууд цагаан сар тэмдэглэхгүй гэж ойлгож болохгүй. Гэр дотроо тэмдэглэх, мөрөө гаргах, бууз баншаа жигнэж идэх зэргээр тэмдэглэж болно. Харин хот доторх хөдөлгөөнийг хориглосон байгаа юм.
Учир нь сар шинийн баяраар коронавирусийн тархалтын оргил үе ирж болзошгүй гэж үзсэн. Хэрэв байдал амаргүй болбол сурагчдын амралтыг сунгана. Мөн төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, цагаан сарын баярын өдрүүдэд төрийн албан хаагчдыг ажиллуулах зэргээр арга хэмжээ авч магадгүй.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Халиут хотод /Монгол Улсын хилээс 120 км цаана/ коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Үүгээр зогсохгүй Шинжаан Уйгуурын нэгэн хотод халдвар бүртгэгдсэн байгаа учир БНХАУ руу хийх нүүрсний тээврийг зогсоох шийдвэр гаргасан.