БНАСАУ 2019 онд НҮБ-ээс авсан хоригийг үл харгалзан цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хөгжүүлж байжээ. Энэ тухай НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээний хорооны илтгэлд дурдсаныг “Reuters” агентлаг уламжлав. Илтгэлд дурдснаар бол Умард Солонгос 2019 оны туршид пуужингийн 13 туршилт хийж, 25 пуужин харважээ. Мөн тус улсын хакерууд дэлхий даяар биткойны биржүүд рүү дайралт хийж, их хэмжээний мөнгө хулгайлсан байна. Түүнчлэн Хятадын чиргүүл усан онгоц ашиглан 370 сая долларын нүүрс экспортолж, их хэмжээний шатахуун импортлон оруулсан аж. 2017 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээний дагуу бол БНАСАУ-аас нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, далай гаралтай бүтээгдэхүүн гээд бүх төрлийн эрдэс болон биологийн гаралтай бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон аж. Үүнээс гадна олон улсад Умард Солонгосын ажилчдыг хөлслөн ажиллуулахыг хориглосон билээ.