Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр /2020.01.31/ болж, БНХАУ-д шинэ коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
Мөн хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргасан юм. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Энэ хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.