Коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод Монголын 31 оюутан хөл хорионд ороод байсан билээ. Манай улсын Засгийн газраас хүсэлт тавьсны дагуу Монголын 31 оюутан, нэг хүүхдийг өнөө өглөө МИАТ-ийн онгоцоор авчирлаа.
МИАТ-ийн онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгчээр Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир, инженер техникчээр А.Болд, тусгай томилгоогоор Т.Бат-Орших, Ж.Нямсүрэн, Б.Оргилбаяр, Б.Түвшинтөгс, Б.Чанцалням, Ц.Чинбаяр, хөлгийн үйлчлэгчээр С.Оюун, З.Мөнхдөлгөөн нар ажиллажээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Бид тэднийг боксын журмаар тусгаарлах өрөө бүгд бэлэн, үйлчлэх боловсон хүчнүүд томилогдоод ажиллаж байна. Нийт 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн, нийт 47 хүнд хүрч ажиллана. Нийт 14 хоногийн тусгаарлалтыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хийнэ.
БНХАУ-ын хувьд гадагш нь гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллахаа дэлхий дахинд мэдэгдсэний дагуу манай иргэдэд урьдчилсан шаардлагатай арга хэмжээг авсан" гэлээ.