УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Г.Батхүү агсантай холбоотой хэргийн талаарх мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие ЦЕГ-ын дарга бригадын С.Баатаржавд гомдол гаргасан. Хэд хоногийн өмнө "Ноцтой мэдээ" сонинд "Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй 13 секундын бичлэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шорон руу түлхэж мэдэх нь" гарчигтай нийтлэл тавигдсан. Миний зүгээс үнэнд үл нийцэх уг мэдээллийн ард хэн байгааг судалсан. Ингэхэд АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, иргэн Г цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнээр дамжуулан АПУ-гийн Батсайханд хэрэг болох хүнийг нэг тэрбумаар шагнана гэсэн байсан.
Түүнчлэн тус компанид ажилладаг иргэн Я иргэн Б-тэй холбогдон Н.Номтойбаярыг буруутгах ажилд бидэнтэй хамтарвал хилийн хоригийг цуцлах асуудалд туслана гэсэн байдаг. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийхэд талийгаачийн ар гэрийнхэн онц ноцтой гэмт хэрэгт намайг алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна. Тиймээс дээр дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна.
Би полиграфийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Гэтэл энэ дүгнэлтийг илт худал гуйвуулсан. Полиграфийн тестийн хүрээнд талийгаачийн унасан газраар явсан уу, цохьсон уу гэх зэрэг маш олон зүйл асуусан. Ингэхэд миний хариулт 80-90 хувь үнэн гэж гарсан" гэлээ.