УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар Австрали Улсад казинод тоглож байсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд шуугиан дэгдээсэн билээ. Энэ асуудлын талаар тэд өнөөдөр тайлбар хийлээ.
АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ: “Сиднейд анх удаа очиж үзлээ. 17-нд бидэнд эл хотын төвийн дурсгалтай газруудыг танилцуулсан. Казиногийн асуудлаар бөөн шуугиан болоод байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан нь үнэн. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна” гэлээ.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: “Казиногийн үйл ажиллагаатай орж танилцъя гэдэг үүднээс УИХ-ын гурван гишүүн, Элчин сайдуудтай цуг орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид хэд орсон. Том танхимтай, олон хүн бужигнасан л газар байна лээ. Ороод гарах хооронд бидний зургийг авсан байсан. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Сөрөг хүчний зөвлөлийн дарга, өөр бусад олон улсын элчин сайдууд цуг явж байсан юм чинь юу гэж тоглох вэ дээ” гэж хэлэв.