Австралид айлчлалаар явсан улс төрчид казино тоглож байна гэх мэдээлэл, гэрэл зургийн хамтаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Австралийн Холбооны улсад болсон чуулганы үйл ажиллагаа болон уулзалтын талаар parlament.mn сайтаас мэдээлэл асан байх гэж бодож байна. 17-ний өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулах хөтөлбөр зохион байгуулагдсан. Энэ хүрээнд гудамж талбай, худалдааны төв, опера хаус зэрэг үзмэр үйлчилгээний газраар орсон. Мөн казино бизнесийн хамгийн том төв болох “The star business” төвд оруулж танилцуулсан. Энэхүү төв нь дэлгүүртэй, ресторантай том төв юм билээ. Энэ төвийн нэг хэсэг нь казино. Казиногийн үйл ажиллагаатай орж танилцъя гэдэг үүднээс УИХ-ын гурван гишүүн, Элчин сайдуудтай цуг орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид хэд орсон. Том танхимтай, олон хүн бужигнасан л газар байна лээ. Ороод гарах хооронд бидний зургийг авсан байсан. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Сөрөг хүчний зөвлөлийн дарга, өөр бусад олон улсын элчин сайдууд цуг явж байсан юм чинь юу гэж тоглох вэ дээ” хэмээлээ.