Энэ жилийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
-Сонгуулийн саналын хуудасны загвар, тоо хэмжээ нь тодорхой болсон уу?
-Одоогийн байдлаар сонгуулийн хуулийн саналын хуудас ямар загвар, хэмжээтэй байх талаар судалгаа хийж байна. Өмнөх томсгосон тойргоор явуулж байсан саналын хуудасны загвар хийцийг сонирхож судалж байж 2020 оны саналын хуудасны загварыг боловсруулах юм.
-Энэ жилийн сонгууль өмнөх жилүүдийн сонгуулиас юугаараа онцлог болох вэ?
-2020 оны сонгуулийн онцлог нь гурван сонгуулийг нэг хуулиар зохион байгуулж явуулдаг байсныг үндсэн хуульд заасны дагуу тус тусад нь боловсруулж баталсан. Мөн хугацааны хувьд тодорхойгүй заалт олон байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагуудаас нь санал авч тодорхой зааж өгсөн. Мөн товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тойрог мантадыг хувиарлах нь тус тусдаа хуваарьтай байсныг нэг болгож өгсөн нь өмнөх жилийнхээс ялгаатай юм. Хоёрдугаар сарын нэгэн буюу намрын чуулган завсарлахаас өмнө товлон зарлах, санал авах өдрөө тогтоож, тойрог мандатаа хувиарлана.
-Тойрог мандатын хуваарилалт дээр нийслэл, аймагт тодорхой тооны хуваарилалт УИХ-д санал явуулсан уу?
-1992, 2008 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож энэ жил сонгуулиа явуулахаар болсон. Иймд 1992, 2008 онд яаж хувиарлаж байсныг их хуралд хүргүүлсэн байгаа.
-Сонгуульд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?
-Иргэдийн оролцоо анх 2016 онд өссөн үзүүлэлттэй гарч байсан. Энэ өссөн ирцийг бид алдагдуулахгүйгээр нэмэх арга хэмжээг хайж байна. Иймд сонгуулийн үеэр сурталчилгаа, сургалт сайн хийх хэрэгтэй байна. Яагаад гэхээр сонгох эрх хүн бүрт бий. Энэ нь иргэнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг сайн ойлгуулах сургалт сурталчилгаа сайн хийнэ. Судалгаанаас үзэхэд залуучуудын оролцоо бага байдаг. Ялангуяа энэ жил анх удаа сонгох эрхээ эдэлж санал өгөх гэж байгаа залуусдаа зориулсан сургалт сурталчилгаа хийж оролцоог нь нэмэгдүүлэх юм.
-Сурталчилгааны хугацаа хэд хоног явагдах вэ?
-2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн сурталчилгааны хугацаа 21 хоног байна.
-Сонгуулийг зохион байгуулахад хэдэн хүн оролцох вэ?
- Сонгуулийн ерөнхий хорооноос гадна нийслэл, аймаг, суманд сонгуулийн хороо байгуулагдана. Мөн хэсгийн хороо, цагдаа, тагнуулын албан хаагч нар, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгуулаг зэрэг нийлээд 20 гаруй мянган хүн сонгууль явуулахад оролцон ажилладаг. Мөн 2000 гаруй хэсэг буюу санал авах байр байгуулагдана.
-Сонгуулийн ерөнхий хороо тойрог мандатын хувиар дээр ямар оролцоотой ажилладаг вэ?
-Монгол улс бүх сонгуулийн системийг туршчихлаа. Жижиг, томсгосон можаритор, холимог гэх бүх тогтолцоогоор сонгуулиа явуулж үзлээ. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд тойрог, мандатыг тогтооход оролцдог хуулийн зохицуулалт байхгүй. УИХ тойрог байгуулж мандатыг хувиарлана. Уг тойрог байгуулж, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийн хуваарийг харгалзана.