Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнахаар шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Юуны өмнө, Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танаа талархаж буйгаа хэлье. Түүнчлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгддээ баярлалаа. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар тус тус хүртэж байв.