Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгож байгаа. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манайд байхгүй. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулна. Малын хулгайн хэрэгт нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл байхгүй.
Ганц ишиг хулгайлахдаа машин, механизм ашигласан хүндрүүлэх нөхцөлд тооцно. Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдоно.