УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр ШИНЭ намын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөл нь тэтгэврийн зээл авсан ахмадуудад "зээлийг нь хаагаад өгье", харин зээл аваагүй ахмадуудад "хохино" гэж байгаа юм шиг харагдаад байна. Өчигдөр ШИНЭ намын удирдах зөвлөл хуралдаж энэ хуулийг ахмадуудыг ялгаварлан гадуурхсан хуулийн төсөл гэж үзсэн. Иймд ШИНЭ нам бүх ахмадуудад ижил тэгш хувиарлах хэрэгтэй гэж үзэж байна. Ахмад бүрт шударга, тэгш хувиарлалт хийхийг ҮАБЗ-өөс хүсэж байна. Тэтгэвэр тэглэх 750 тэрбум төгрөгөөр аймаг тус бүрт 10 цэцэрлэг сургууль, 50-100 мянган хүний ажлын байр, 1000 км авто зам тавих боломжтой" гэв.
Харин үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд ярихдаа "Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ Үндсэн хуулийн гол зарчмыг гажуудуулж байгаад бид дургүйцэж байна. Зээл аваагүй ахмадуудад нэг ч төгрөг очихгүй бол шударга бус. Ахмад бүр төрийн хайр халамжийг хүртэх ёстой. Хэрэв тэгш хувиарлалт хийхгүй бол ШИНЭ нам энэ баасан гарагт жагсаал цуглаан хийнэ" гэлээ.