УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "ҮАБЗ тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн нь тодорхой бус байна. ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж хүргүүлдэг болохоос шууд шийдвэр гаргаж, хууль батлахгүй.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шийдвэрээ танилцуулахдаа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай зөвшилцсөн байх. Гэхдээ 2020 оны улсын төсвийг батлах үед тэтгэврийн зээлийг тэглэх талаар огт яриагүй.
Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд улсаас арилжааны банкуудад мөнгө өгнө гэсэн үг. Энэ мөнгийг өгөх Салхитын мөнгөний ордыг хэзээ ашиглаж эхлэх, тус ордын нөөц, үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг нарийн тооцох хэрэгтэй. Эхний ээлжинд ирээдүйд Тэтгэврийн даатгалын сангаа хэрхэн баяжуулах талаар ярих нь зөв” гэлээ.