Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох
- Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
- Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
- Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
- Дууны инженер Дондойн Гантөмөр,
- Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
- Удирдаач Бадамхандын Нямдорж,
- Дуучин Хайдавын Төмөрбаатар,
- Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын рок поп хөгжлийн амьд домог “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг Төр соёрхлоо.
2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тэдний “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхлоо.
Монгол түмний шимтэн үзэх дуртай “Тан руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ”, Эрхлэн жаргах бидэн хоёр”, Үнсье чамайгаа үнсье” зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн олон арван бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюун Төрийн соёрхол хүртлээ.
Ингэснээр Монголын гурав дахь эмэгтэй зохиолчийг Төр соёрхлоо. Булган аймгийн Могод сумын харьяат түүнээс өмнө С.Удвал, Э.Оюун нар Төрийн соёрхол хүртсэн юм.
Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол.