Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Татварын багц хуулийг шинэ оны эхнээс мөрдөнө. Холбогдох журмуудыг нь баталсан уу?
-Багц хуулийг мөрдүүлэхтэй холбоотойгоор 40 гаруй журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн. Тэдгээрийг өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Татварын багц хуулийг мөрдөхөд бэлэн.
-НӨАТ-ын буцаан олголтын хувь, хэмжээг нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнийг баталлаа гэхэд хэрэгжүүлэх боломж төсөвт бий юү?
-Засгийн газар нэлээд хугацаанд судалж байж Татварын багц хуулийг батлуулсан. Сонгууль дөхөж байна. Бизнес эрхэлдэг гишүүд ч олон юм. Тэд ийм төсөл санаачилсан гэж ойлгосон. Энэ бол сонгуулийн шоу. Зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар үүгээр шоуддаг жишиг бий. Шоу хийж байгаа хүмүүсээс нь асуух хэрэгтэй.
-ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах чиглэлд юу хийж байна вэ?
-Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг би ахалж байгаа. Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар болон шүүх, прокурорын гээд холбогдох бүх байгууллага хамтран ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд долоон хуульд өөрчлөлт оруулахаар төслийг нь батлууллаа. Тухайлбал, мөнгө угааж байж болзошгүй салбаруудын нэг нь үл хөдлөх хөрөнгийнх. Мөн үнэт чулуун эдлэлүүдийн худалдаагаар дамжиж мөнгө угаах тохиолдол их. Энэ мэтчилэн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Ойрын зургаан сарын дотор “саарал жагсаалт”-аас гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан хурал болно. Үүнээс өмнө манай улс тайлангаа өгөх ёстой. Хоёрдугаар сарын 20-доор ФАТФ-ын хурал болох юм. Эдгээр хуралд хийсэн ажлаа танилцуулан ажиллана.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр ямар байгаа вэ. Ирэх онд хэдий хэмжээний өр төлөх ёстой вэ?
-Төсвийн гүйцэтгэл гарахад хоёр, гуравхан хоног дутуу байна. Урсгал зардлын гүйлгээг маргааш (өнөөдөр) хаана. Тиймээс бид мэдээллүүдээ нэгтгэхээр ажиллаж байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарахаар байгаа. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүд төсөвт дарамт болдог. Тиймээс урт хугацаатай, хүү багатай зээлүүдээ урьдчилж төлөх бодлого барьж ажилласан. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувьтай тэнцүү байсан бол өнөөдөр 55.1 хувь болон буурах дүр зураг харагдаж байгаа. 2021-2024 онд Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Үүнийг төлөх дунд хугацааны стратегийн баримт бичгийг Засгийн газар баталсан. Бэлтгэл ажлыг Сангийн яам хийж байгаа. Бид эдийн засагт дарамт учруулахгүй, хандив гуйхгүйгээр үүнийг хийнэ.
Бэлтгэсэн: Б.Уран