Гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын даргад өчигдөр өргөн мэдүүлэв. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай одоогийн хуулийг мөрдөж буй. Энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын 23.3 хувь буюу 313.7 тэрбумыг нь НӨАТ-аар бүрдүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ер нь уг хуулийг хэрэгжүүлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3638, 2019 онд (эхний дөрвөн сар) 1027-гоор нэмэгдсэн байна. Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65 199, 2017 онд 88 010, 2018 онд 118 876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээн хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулах болон төвлөрүүлэх хэмжээ жил дараалан нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499 650 татвар төлөгч иргэнд 35.1, 2018 онд 793 070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөг олгожээ.
Гэвч улсын төсөвт төвлөрүүлж буй татварын орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдсэн дүнтэй байгаа ч НӨАТ суутган төлөгчийн тоо төдийлөн өсөөгүй нь судалгаанаас харагдаж байгаа. Үүнийг хууль санаачлагчид цаашид өсөхгүй, зогсонги байдалд хүрч болзошгүй хэмээн үзсэн байна. Иймд нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн ачааллыг бууруулахын тулд буцаан олголтын хувийг нэмэх ёстой гэж тэд тодотгожээ. Нөгөө талаас уг хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж байгаа нь буцаан олголтын хувь, хэмжээг нэмэгдүүлэх нэг нөхцөл гэж хууль санаачлагчид хэлж байна.
Ташрамд дурдахад, БНСУ-д үнийн дүнгийн 10, Швейцарт 7.7, Японд найм, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португал, Грект 23, Дани, Испани, Норвег, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог аж.
Бэлтгэсэн: У.Наран