Өчигдөр /2019.12.23/ Хятадын Чэнду хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт болсон тухай KBS телевизийн суваг мэдээлэв. 45 минут үргэлжилсэн уг уулзалтын үеэр талууд экспортын хязгаарлалт, цэргийн мэдээллийг бүрэн хамгаалах тухай гэрээ (GSOMIA) зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. БНСУ-ын төрийн тэргүүн тус улсад өндөр ач холбогдол бүхий материалуудын экспортын хяналтыг чангатгасан шийдвэрээ цуцлахыг Японы Ерөнхий сайдад уриалсан байна. “Дипломатчид, худалдааны төлөөлөгчид хоёр талын хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Талууд ухаалаг шийдэлд тун удахгүй хүрнэ хэмээн найдаж байна" гэж Мун Жэ Ин хэлжээ. Үүний хариуд Шинзо Абэ уг асуудлыг хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээгээр зохицуулах хэрэгтэй хэмээн хэлжээ. Хоёр улсын тэргүүн нар дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар өөр өөр байр суурийг баримталж байсан хэдий ч уг асуудлыг зохицуулахын тулд хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.