Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Төрийн байгуулалтын байнгын хороогоор эл хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан нэрийн жагсаалт дахь сонгогчдын эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай заалтыг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Өмнөх сонгуулиар үүний дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг авч байсны хувьд АН-ын удирдлага, зарим гишүүн үүнийг эсэргүүцсэн.
Тиймээс ч гишүүн С.Бямбацогт, С.Эрдэнэ нар өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасан юм. Улмаар дахин санал хурааж, дэмжсэнээр сонгуульд оролцох нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр нэг удаа олгох заалт хэвээр үлдлээ. Гэхдээ гишүүн Ц.Нямдорж одоо мөрдөж буй Бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаяг нь “хязгаартай” мэдээлэлд багтаж байгаа учраас үүнийг авсан улс төрийн намуудад хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээлгэж, хариуцлагажуулах зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг хэлж байлаа. Үүнийг холбогдох хуульд тусгахыг УИХ-ын дарга ч чиглэл болгосон юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд “сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг 5000, хуулийн этгээдийг 50 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэн хэсэг нэмэхээр тогтсон.
Мөн гишүүн Т.Аюурсайхан уг төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай хэсэг нэмэх санал гаргасан нь нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үеэр дэмжигдсэн. Харин УИХ-ын дарга чиглэл өгч, эл заалт Үндсэн хууль болон Цэцийн дүгнэлттэй нийцэж буй, эсэхийг нягтлахыг даалгаад байсан юм. Тодруулбал, Цэц 2008 оны 06 тоот дүгнэлтдээ тухайн үеийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн, нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснийг УИХ мөн оны тавдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрч, тогтоол баталсан байдаг аж. Иймээс анхны хэлэлцүүлгээр дэмжсэн дээрх саналыг хасах томьёоллыг ажлын хэсэг боловсруулан, байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлэг хийх үед танилцуулсан юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу үүнийг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжиж байж нэгдсэн хуралдаанд танилцуулах байв. Уг заалтыг “унагахыг” байнгын хорооны гишүүдийн үнэмлэхүй олонх нь дэмжсэн ч өнгөрсөн баасан гарагт нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь татгалзав. Иймээс авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглосон эл заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд багтлаа.
Хэдийгээр уг хуулийг мөрдөх хугацаа өнөөдрөөс эхэлж байгаа ч Цэцэд дуудагдахгүй гэх баталгаа алга. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшихийг хориглосон заалт өөрийг нь, намыг нь хэлмэгдүүллээ хэмээн хамгийн их гомдоллож буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Цэцийн дээрх дүгнэлтийг үндэслэл болгон ярьж байгаа. Мөн АН-ынхан эл заалт Цэцийн дүгнэлтийг зөрчлөө гэж үзэж байгаа. Түүнээс гадна уг хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавих эрх нь нээлттэй.