УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачилсан "авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх" хэмээх заалтыг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 54.5 хувь дэмжсэн билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү заалтыг "их маргаан дагуулж мэдэх учир сайн нягталж үз" хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу өнөөдөр байнгын хороо хуралдаж, 11 гишүүний долоо нь уг заалтыг хасахыг дэмжлээ.
Хэрэв байнгын хорооны дээрх шийдвэр чуулганы хуралдаанаар дэмжигдвэл Т.Аюурсайхан гишүүний гаргасан 30.8 дахь заалт бүр мөсөн хүчингүй юм.