АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Лхагва гарагт явуулсан санал хураалтаар Ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх үйл явцыг дэмжсэн тухай BBC агентлаг мэдээлэв. Санал хураалт “бүрэн эрхээ урвуулан ашигласан”, “Конгрессын ажилд саад учруулсан” гэсэн хоёр зүйл ангийг батлах зарчмаар явагджээ. Эхний зүйл ангийг Ардчилсан намын төлөөлөгчид олонх суудалтай Төлөөлөгчдийн танхимын 230 гишүүн дэмжиж 197 нь эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзжээ. Харин “Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан” гэж буруутгахыг 229 нь дэмжиж, 198 нь эсэргүүцэж, нэг гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна. Энэ асуудал дараа нь Бүгд найрамдахчууд олонх суудалтай Сенатын танхимаар хэлцэгдэх юм. Тиймээс Д.Трампын эсрэг санал дэмжигдэх магадлал бараг үгүй аж. Д.Трамп улс төрийн өрсөлдөгч Жо Байдены эсрэг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс шаардан тус улсад үзүүлэх Конгрессын баталсан цэргийн тусламжийг хойшлуулсан гэж Ардчилсан намынхан мэдэгдэж байгаа юм. Ингэснээрээ тэрбээр Үндсэн хуулийг зөрчиж, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж АНУ-ын Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид үзэж байгаа ажээ. Харин Бүгд Найрамдах намын төлөөлөгчид үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Доналд Трамп Мичиган мужид дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтынхаа үеэр Төлөөлөгчдийн танхимын уг санал хураалтын талаар мэдэгдэл хийжээ. "Бид ажлын байр бий болгож Мичиганы төлөө тэмцэж байхад Конгрессод үлдсэн радикалууд атаар хорсол, үзэн ядалт, уур хилэнд автаж байна. Юу болж байгааг та нар ойлгож байгаа" гэж тэрбээр хэлсэн байна. АНУ-ын түүхэнд төрийн тэргүүнд итгэл үзүүлэх эсэх үйл явцыг өмнө нь гурван удаа л хэрэгжүүлж байжээ. 1868 онд Эндрью Жонсонд, 1974 Ричард Никсонд, 1999 онд Билл Клинтон нарыг хариуцлагад татаж байжээ.