Өчигдөр нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар багтсан. Тэд гурван удаа хуралдаж, төслийн талаарх саналын томьёолол бэлтгэснийг уржигдар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцэж шийдвэрлэн, дүгнэлт, томьёоллуудаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн нь энэ.
Эдгээр саналын томьёолол нэг бүрээр санал хурааж шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгож, тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохыг дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан, жагсаалт гаргах юм. Ингээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Түүнчлэн засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших иргэний хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах ажлын өдөр сэргээхийг дэмжив.
Мөн гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа (Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй, эсвэл торгох ялыг биелүүлээгүй байх) хүн нэр дэвшихийг хориглохоор тогтов. Үүнээс гадна гишүүн Т.Аюурсайхан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн санал дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Үүнээс гадна нэр дэвшигч эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, эсэх талаарх дүгнэлтийг цагдаагийн төв байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах саналыг дэмжсэн ч дараагийн хэлэлцүүлгийн үеэр анхаарч, хуульд нийцүүлэх чиглэлийг УИХ-ын дарга өгсөн юм. Учир нь одоогийн хуулиар үүнийг хоёр байгууллагаас бус, зөвхөн Цагдаагийн ерөнхий газраас авах зохицуулалттай байгаа юм.
Төсөлтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа Өдөр тутмын сонины холбооноос гишүүдэд хандан тавьж байсан саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төслийн 40.2.8-д “Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай заалт нэмэхээр тусгасан ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Улмаар төслийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 42.14 дэх заалт нэмэхийг гишүүдийн 70.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн төслийн 45.6-д “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай заалтыг нэмэхээр болж байна.
Мөн Л.Энх-Амгалан нарын гишүүдийн анх өргөн мэдүүлсэн төсөлд мөнгөн хандив нь иргэний хувьд гурав, хуулийн этгээдийн хүрээнд 15 сая төгрөг хүртэл байж болохоор тусгасан байсныг ажлын хэсгээс гаргасан саналын дагуу иргэнийхийг тав, хуулийн этгээдийнхийг 20 сая төгрөг хүртэл байхаар нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулахыг дэмжсэн.
Асуулт тавьж, тодруулсан эмэгтэй гишүүд сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлэхэд намууд ихээхэн анхаарч, төслийн 31.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэснийг “30-аас доошгүй” гэж өөрчлөн, эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг нэмэгдүүлэхийг гишүүддээ уриалж байв. Гэвч тэдний саналыг дэмжээгүй бөгөөд одоо мөрдөж буй 20 хувийн квот хэвээр үлдэх нь бололтой. Хуралдаан эхлэхтэй зэрэгцэн танхимын үүдэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, улстөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл хамтран “Ялгаварлахаа зогсоо”, “Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг олго” гэсэн бичиг бүхий хуудас барин зогсож, шаардлагаа илэрхийлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдан, эл төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бөгөөд үдээс хойш нэгдсэн хуралдаанаар батална. Хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн санал болон албаны хүмүүсийн хариултыг тоймлон хүргэе.
Я.Содбаатар: -Мөнгө, хэвлэл мэдээлэл болон бусад зүйлийн нөлөөллийг хэрхэн багасгах вэ?
Д.Тогтохсүрэн (ажлын хэсгийн ахлагч): -Бид нөлөөллийг багасгахад л гол анхаарлаа хандуулж байна. Тиймээс ч олон мандат бүхий мажоритар хувилбарыг санал болгож байгаа.
Б.Бат-Эрдэнэ: -Одоо санал болгож байгаатай ижил, төстэй хувилбараар 2008 онд сонгууль явуулсан. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг тооцсон уу. Сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлахгүй биз дээ. Эмэгтэйчүүдийн квотын талаар ямар зарчим баримталсан бэ. Ер нь эмэгтэйчүүд чадвартай л бол 30 байтугай хувиар квот тогтоон өрсөлдөх ёстой.
Д.Тогтохсүрэн: -1992, 2008, 2012 онд энэ хувилбараар сонгууль явуулсан. 2012 онд холимог тогтолцоо ашигласан ч 48 гишүүнийг олон мандаттай том тойргоос сонгосон. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг сонгуулийн тогтолцоотой холбоотой байсан гэж бодохгүй байна. Тухайн үед сонгуулийн дүнг гаргахдаа хугацаа алдсан, зөрчил их гарсан. Үүнээс хойш сонгуулийн автоматжуулсан систем ашиглаж байгаа. Хяналтын тооллогын дүн зөрсөн тохиолдол гараагүй. Нийгмийг сүлжээг хориглосон заалт тусгаагүй. Зөвхөн сурталчилгаа хийж байгаа хүн албан ёсны хаягаа ашиглах шаардлага тавина. Ер нь сонгуулийн үеэр баахан квот тавиулах гээд л байх шиг. Одоогийн хууль дахь эмэгтэйчүүдийг квотыг хөндөөгүй. Зарим сумын ИТХ-д эмэгтэйчүүд 50 хувийг нь эзэлдэг шүү дээ.
Л.Болд: - УИХ-ын сонгуулийн хуулиар Монголын хувь заяаг шийддэг болсон. Эрх баригчид өөрсдөдөө зориулсан хууль баталдаг ч хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. 2008 оны сонгуулийн хууль тэр чигээрээ орж ирж байна. Тухайн үед байсан асуудлуудыг засаж сайжруулж чадсан гэдгээ харуулахын тулд энэ хувилбараар явуулах нь зөв байх. Д.Тогтохсүрэн дарга 2008 онд болсон үйл явдлын оношийг зөв тогтоолоо. Хүмүүс саналаа луйвардуулсан. Гэтэл “хар машин” оруулж ирээд бүх юм сайхан болсон гээд байх юм. 100 хувь хяналтын тооллого хийх гэхээр хийдэггүй шүү дээ. Яагаад хийж болдоггүй юм бэ?
С.Бямбацогт (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -2008 оны сонгуулиар саналыг хуудсыг гараар тоолсон. Сонгогч хоёр, гурван удаа санал өгөх боломж ч байсан. Одоо хурууны хээгээ уншуулан зөвхөн нэг удаа санал өгдөг болсон. Саналын хуудсыг буруу тоолж болохгүй.
Д.Эрдэнэбат: -Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж байгаа нь манай парламент төлөвшөөгүйн илрэл. Томсгосон мажоритар хувилбар жижгээсээ бараг ялгаагүй. Парламентын төлөвшилд өөрчлөлт орохгүй. Анх 50+26 гэсэн хачин хувилбар оруулж ирээд, одоо 2008 оны тогтолцоог дахиж ярьж байна. Үүнийг МАН эрх барьж байхдаа дэвшүүлсэн. Ийм маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу. АН-ын холимог тогтолцоог дэмжсэн байр суурь хэвээрээ. Сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад өгдгөө яагаад болих гээд байгаа юм бэ?
Д.Тогтохсүрэн: -УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хуульдаа захирагдана. 50+26 хувилбар Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй гэж үзээд өөрчилсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад хэвлэж өгөхөөр одоогийн хуульд байгаа. Энэ хуулийн төслийг боловсруулсан хүмүүс үүнийг хориглохоор тусгасан. Ажлын хэсгийн түвшинд ч үүнийг дэмжээгүй. Бүх иргэний хурууны хээг бүртгэж авсан. Тиймээс нэг иргэн хоёр, гурван удаа санал өгөх боломжгүй. Тиймээс хар бэх хэрэглэх, тэмдэг тавих ч шаардлагагүй.
Б.Баасандорж (Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга): -Сонгуульд оролцож байгаа намуудад иргэдийн нэрсийн жагсаалтыг өгдөг байсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороонд иргэдээс маш их гомдол ирж байсан. 2018 оны зургадугаар сард Бүртгэлийн багц хуулийг баталсан. Иргэдийн ямар мэдээлэл нь хаалттай, нээлттэй болохыг үүгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шинэ хуулийн дагуу иргэдийн мэдээлэл нууцлалтай болсон. Тиймээс намуудад нэрсийн жагсаалт, гэрийн хаягийн талаарх мэдээлэл өгөх боломжгүй. 2012 оноос иргэн заавал үнэмлэхээ шалгуулахгүйгээр хурууны хээгээ уншуулан саналаа өгдөг болсон. Нэг хүн олон удаа санал өгөх ямар ч боломжгүй. Манай бүртгэлийн хяналт тагнуулын хяналтын системийн дагуу ажилладаг.
Г.Занданшатар (УИХ-ын дарга): -Нэрсийн жагсаалт заавал авах гээд зүтгээд байгаа нь ямар учиртай юм бэ. Хаяг, гэр бүлийн талаарх мэдээлэл хувь хүний нууц шүү дээ.
Н.Энхболд: -Сонгогчдын хамаг мэдээллийг нь хамаагүй өгсөн явдал түрүүчийн сонгуулийн үеэр болсон. 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлах үеэр ч бас л ярьж байсан. Хоёр тал болж санал зөрөлдөж байгаад тухайн үед олонх нь байсан нь хүч түрэн шийдсэн. Ер нь би тэнд амьдардаг гэдгээ дэлхийгээр нэг зарлах алба байхгүй шүү дээ. Одоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулиа шинэчилчихсэн. Үүний хүрээнд л ажиллах ёстой.
С.Чинзориг: -Одоогийн Сонгуулийн ерөнхий хороонд итгэхгүй байна. Содномцэрэн та, яасан ичих булчирхайгүй хүн бэ. Энэ хүнийг өөрчилж байж хуулиа шинээр батлахгүй юм уу. Тойргийн хороо нь хүлээн зөвшөөрөөд түр үнэмлэхийг нь өгчихсөн хүнийг энэ хүн авч хоцорсон юм шүү. Маргаан гарвал шүүх хэзээ оролцох вэ. Нэг нэр дэвшигчтэй холбоотой асуудал гарлаа гэхэд бүгдийг нь хүлээлгээд, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх уу. Мөн эвсэлд нэгдсэн намын гишүүдийн 51-ээс дээш хувь нь үлдсэн тохиолдолд тухайн эвслийг задраагүйд тооцно гэдэг заалтыг эргэн харж, тодорхой болгох ёстой.
Ш.Раднаасэд: -Улаанбаатарт оршин суух хаягтай ч уурхай дагаж, гэр орноосоо хол хэдэн сараар амьдардаг хүмүүсийн санал өгөх эрхийг хэрхэн хангах вэ. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэхгүй бол ийм хүмүүс санал өгөх эрхгүй болох нь. Байнга болон түр оршин суугч гэсэн тодорхойлолтоор зохицуулдаг байсныг болиулах нь. Үүнтэй холбоотойгоор маш олон хүний санал хаягдана шүү.
Т.Аюурсайхан: -Нэр дэвшигч ялгүй байх шаардлага тавьж байгаа. Одоогийн хуульд ялтай, ялгүй тухай ойлголт байхгүй. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй. Ингэснээрээ Үндсэн хууль зөрчихгүй. Төрийн албан хаагчид сонгуульд оролцохын тулд тодорхой хугацааны өмнө ажлаасаа чөлөөлөгддөг нь ч үүнтэй холбоотой. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой. Үүнийг хэн нэгэнд зориулаагүй. Ял эдэлсэн хүмүүс яагаад төрийн эрх барих дээд байгууллага руу зүтгээд байгаа юм бэ. Өөр газар ажилла л даа.
О.Баасанхүү: -Монгол Улсын төр, тэр дундаа хууль тогтоох байгууллага цэвэр ариун байх ёстой. Эмэгтэйчүүд эрхээ эдэлнэ гэвэл 20, 30 хамаагүй квот аваг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч нэр дэвшиг. Төрийн албаны тухай хууль дахь “Авилга, албан тушаалын хэргээр ял эдэлбэл оруулахгүй” гэсэн заалтыг би зарчим болгосон. Харамсалтай нь, улстөржиж, тухайлбал, Х.Нямбаатараас эхлээд “О.Баасанхүү гишүүн, намын даргынхаа эсрэг ажиллаж байгаа” гэх маягаар Ц.Оюунбаатарт ярьсан байна лээ. Нэг л зүйлийг баталгаатай хэлье. Хувь хүнд зориулж би юу ч хийгээгүй ээ.
Б.Пүрэвдорж: -Т.Аюурсайхан гишүүн ээ, аль аль намд бүтэлгүй хүн олон байгаа. Би нам дотроо болохгүй, бүтэхгүй хүмүүстэй тэмцдэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг ашиглаж АН-ын олон хүн ялаас чөлөөлөгдсөн гэж ярьдаг. Энэ хуулийг танай намынхан баталсан шүү. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хасаад хаячихлаа. МАХН-ын гишүүд энэ сонгуульд орохгүй болох нь. Тэднийг ямар ч хүчгүй болгож байна.
Ц.Мөнх-Оргил: -Эвсэл байгуулж оролцохтой холбоотой заалтад нухацтай хандах ёстой. Тухайн намууд хэдэн гишүүнтэй байсан юм, хэд нь үлдчихэв гэдгийг яаж тогтоох вэ. Иргэд сонгогчид тэр эвсэлд санал өгч, дэмжиж байгаад л гол учир нь байгаа юм шүү дээ. Хэн нэг нь байхгүй болчихоор тэр эвсэл байх уу, үгүй юү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид сонгогчдод эхлээд эвслийг л танилцуулсан.
Ч.Хүрэлбаатар: -Сонгууль зохион байгуулах хүрээнд шаардлагатай мэдээллийг нэг төрийн байгууллагаас нөгөө рүү нь шууд шилжүүлчихэж болдоггүй юм уу. Ял эдэлж байгаа, эсэх талаарх тодорхойлолтыг цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах шаардлагатай гэж үү. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо нь хариуцах ёстой.