УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш болж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдаан эхлэхийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, хуульч Ц.Оюунбаатарын хамт Төрийн ордонд ирж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Сонгуулийн багц хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нартай уулзсан юм. Учир нь тус байнгын хороо уржигдар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд О.Баасанхүү нарын гишүүн “Шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглоно” гэх санал гаргасныг дэмжээд буй. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалт, сонгогдох эрхийг нь хязгаарлана гэж үзэж буй учраас тэд байр сууриа илэрхийлсэн аж.
Энэ үеэр түүнээс байр суурийг нь тодрууллаа.
-2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд дээрх заалтыг хуульд оруулах гэж байна хэмээн та үзэж буй юм уу?
-Манай намын гишүүн Ц.Оюунбаатар Сонгуулийн багц хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Албан тушаалын болон авлигын хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг гишүүн О.Баасанхүү удаа дараа гаргасан юм билээ. Тухайн хүн хэлмэгдсэн байхад эрхийг нь зөрчиж болохгүй. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг дахин яллаж, нэр дэвших боломжийг минь хаах нь. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж зөрчиж болох уу. Өмнө нь үүнтэй холбоотой мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, 2008 онд шийдсэн байдаг. Ингэхдээ хүний сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн миний нөхцөл байдлыг ойлгож буйгаа илэрхийлсэн.
-Тэд таны байр суурийг хэрхэн хүлээж авав?
-Цэц дүгнэлт гаргасан л бол УИХ-ын гишүүд дуртай ч, дургүй ч хүлээж авах ёстой. Энэ бол миний санал биш. Надтай холбоотой заалт учраас би энд хэлж байгаа юм. Үүнийг баталбал хууль зөрчинө гэдгийг л хэллээ.
-Та О.Баасанхүү гишүүнтэй одоо болтол ойлголцоогүй байгаа юм аа даа?
-Харамсалтай нь, О.Баасанхүү захиалгаар ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ энд хувь хүний талаар ярих нь зохисгүй. УИХ сонгогчийн эрхийг хангах ёстой. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх, ер нь хэн байх нь хамаагүй, санал өгөх эрхийг нь ард түмэнд эдлүүлэхийг шаардаж байгаа.
Бэлтгэсэн: Б.Уран