УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусна. Өчигдөрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн ч тус санал дэмжигдсэнгүй. Ингэснээр 30 хувь бус 20 хувиар мөрдөгдөхөөр боллоо.
Дээрх саналыг хэлэлцэж байх үед Төрийн ордны эмэгтэй ажилтнууд "эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь болгох"-ыг шаардан УИХ-ын чуулганы танхимын үүдэнд лоозон барин зогсож байжээ.
Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Сүүлийн үед парламентад эмэгтэй гишүүд нэмэгдсэнээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхэд хамгаалах төсөв гэхэд 10 дахин нэмэгдсэн зэрэг олон давуу талууд гарч буй. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монгол Улс олон улсын жишиг үзүүлэлтээс доогуур байна" гэж байсан юм.