Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн зөвлөлөөс “Сэрсэн Монгол, Шинэ Чингэлтэйчүүд” хэмээх аяныг зохион байгуулах талаар мэдээллээ.
Уг аяны хүрээнд ШИНЭ намынхан үндсэн гурван уриалгыг дэвшүүлэв. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ШИНЭ намын ерөнхий зохицуулагч Г.Энхтөр,
"Нэгдүгээрт, иргэдийн үүрэг хариуцлага ёс зүйг дээшлүүлье. Хувь хүн хариуцлагагүй байвал нийгэмд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй.
Хоёрдугаарт, нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг дахин бий болгох хэрэгтэй. 1990 оноос хойш нийтийн гэх зүйл үгүй болсон. Өөрөөр хэлбэл, нийтийн өмч, эрх ашиг устсан. Өөрийнхөө төлөө биш өрөөл бусдын төлөө байя гэсэн санааг хэлж байна.
Гуравдугаарт, нийгэмд түгээмэл ажиглагддаг зүйл бол монголчууд нэгнийхээ хийсэн зүйлийг хэтэрхий их шүүмжилдэг. Иймд улс төрийн оролцооны хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.
Иймд иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шүүмжилдэг биш бодитоор оролцдог байя гэсэн гурван уриалга гарган, өнөөдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд долоо хоногийн хугацаатай аян зохион байгуулна” гэв. Мөн энэхүү аянд иргэдийг идэвхтэй оролцож өөрсдийн санаа бодлоо хуваалцахыг тус намын гишүүд уриалсан юм.