УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооныхон энэ сарын 11, 12, 13-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх, хориглосон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай, бүлэглэн үйлдсэн бол 12- 20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял ногдуулах, биеэ үнэлэх болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх, илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэргийг санал, дүгнэлтдээ тусгажээ. Үүнтэй холбогдуулан зарим гишүүн асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.
Б.ПҮРЭВДОРЖ: -Энэ оны аравдугаар сарын байдлаар 629 гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял, шийтгэлээс мултарсан байна. Тун удахгүй авлигын 11 хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн. Түүнд нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн үйлдсэн хэрэг багтсан. Хууль, хяналтын байгууллагынхны ажлыг хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулж гацаадаг байдлыг хэрхэн шийдсэн бэ?
Х.НЯМБААТАР (Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч): -Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор тусгаж байгаа. Түүнчлэн мөрдөн шалгах хугацааг шинэчилсэн. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн ерөнхий ангид хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэнэ. Үүнийг мөрдөн шалгах хугацааны дээд хязгаар гэж тооцно. Б.Пүрэвдорж гишүүн улс төрийн өнгө аястай зүйл ярьж байх шиг байна. Ардчилсан намынхны бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Гэхдээ хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй юм билээ.
Ж.ГАНБААТАР: -Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль амьдралд нийцэхгүй байгааг хүн болгон ярьдаг шүү дээ. Зөвхөн торгох зарчмаар энэ хуулийг баталсан. Үүн дээрээ дахиад 116 зүйл нэмнэ гэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг дутуу төлбөл 5-50 сая төгрөгөөр торгох юм байна. Дутуу төлсөн гэдэг чинь мөнгөгүй учраас л тэр шүү дээ. Мөнгөтэй бол шимтгэлээ бүрэн төлнө биз дээ. Эхлээд сануулж, дараа нь торгох арга хэмжээ авч болдоггүй юм уу. Өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) байнгын хорооны хурал цагтаа эхлээгүй байна. Чаддаг юм бол энэ хорооны гишүүдээ торго л доо. Зөрчлийн тухай хуулийг дэмжиж болохгүй. Өмнө нь батлах гээд чадаагүй бүх заалтаа оруулаад ирчихсэн байна.
Х.НЯМБААТАР: -Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байж болно. Гэхдээ хуулиудын зөрчил үүснэ. Хуулиа зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хүлээлгэх хариуцлагуудыг нэгтгэж, энэ хуульд тусгасан юм. Зөрчил үүсгэгчид эхлээд сануулах, дараа нь торгох тухай заалт шинэчилсэн найруулгад бий.
Б.ЭНХ-АМГАЛАН: -Гүтгэх хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар шийддэг болсноос хойш энэ төрлийн гэмт үйлдэл хэрээс хэтэрлээ. Хүний зураг тавьж байгаад гүтгэдэг. Хэрэг хүлээх чадваргүй хүнд сайтынхаа эрхийг шилжүүлчихдэг. Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гутаан доромжилсон утга агуулгагүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэдэг. Гүтгэсэн хүнийг хоёр сая төгрөгөөр торгох юу ч биш. Гүтгүүлсэн нь нэр хүнд, олон зүйлээр хохироод үлддэг. Ийм хэрэгт Эрүүгийн хуулиар ял, шийтгэл ногдуулахгүй юм уу. Худал мэдээг түгээгээд байж болох уу?
Х.НЯМБААТАР: -Худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Хүний нэр төр, хуулийн этгээдийн алдар хүндэд халдвал 450-1300 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгох, 700 цаг хүртэл нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар зүйлчилсэн. Сонгуулийн үеэр гүтгэвэл ял хүндэрнэ.
Б.ЭНХ-АМГАЛАН: -Буруутай этгээд эргээд уучлал гуйдаг, залруулга гаргадаг байж болдоггүй юм уу. Хэд хоног албадан хөдөлмөр эрхлэх юу юм бэ. Хорих ялаар шийтгэх ёстой.
Х.НЯМБААТАР: -Таны хэлж байгаа зөв. Хохирлыг барагдуулах асуудлыг Иргэний хуулиар зохицуулсан. Гэхдээ нэр төр, алдар хүнд, хохирлыг хэрхэн үнэлэх талаарх зохицуулалт сул. Гүтгүүлсэн, доромжлуулсан хүний хохирлыг хэрхэн үнэлэх тухай тогтолцоо байхгүй. Тиймээс үнэлгээний жишиг гаргах ёстой гэв.
Ингээд зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хураах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй учраас хуралдааныг хааж, энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр боллоо.