УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй гишүүд танилцах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэх хугацааг долоо хоногоор хойшлуулав.
Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Улаанбаатар-цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Гэр хорооллын иргэдийг халаалтын хэрэгслээр хангах, утааг бууруулах зорилготой уг төслийг 2012 оноос хэрэгжүүлэхдээ Дэлхийн банкнаас 15 сая ам.долларын санхүүжилт авсан аж. Өнгөрсөн хугацаанд тодорхой дэвшил гарсан гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна. Тиймээс арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээг нь дээшлүүлэх зорилгоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ. Зээлийг эргэн төлөх хугацаа 30, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил аж. Хүү нь 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг хуралдаанд оролцсон гишүүд тодотгож, стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад багагүй мөнгө зарцуулсныг сануулав. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр ямар ажил хийхээр төлөвлөснийг тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Өмнө нь зээлсэн 15 сая ам.доллароос 13.5 саяыг нь зарцуулаад байна. 2012-2016 онд 10.7, 2016-2018 онд 2.8 сая ам.долларыг Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу доторх агаарын чанарыг сайжруулахад хэрэглэсэн. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлж, “Дулаалга” аян өрнүүлсэн” гэв. Нэмэлт санхүүжилтийн хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй халаалтын технологи нэвтрүүлэх ажлыг дэмжихээр төлөвлөснөө дурдав.
Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Улаанбаатар-цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтлоо.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР НЬ БАТЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Нэмэлт, өөрчлөлтөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөнд улсын байцаагчийн эрх олгох тухай тусгасан. Ингэснээр хариуцлагын механизмтай болж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов. Зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Уг хуулийг 1999 онд батлан, мөрдсөнөөс хойш 2007 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын хууль, тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулснаа Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдав. Тэрбээр “Хуульд олон улсын байгууллагатай хамтран ажиллах, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлагыг тодорхойлж, чиг үүргийг нь нарийвчлан тусгасан заалт нэмсэн. Хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоотой болох зэрэг өөрчлөлт бий” гэдгийг онцоллоо.
Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ.
СЗХ-НЫ ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Ц.ЦЭРЭНБАДРАЛЫГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Ц.Цэрэнбадралыг томилох тухай хэлэлцэв. Тэрбээр 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2010 онд “Либерти” дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. 2001-2004 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Улсын Япон дахь Элчин сайдын яаманд атташе, олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2008-2014 онд СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд тус газарт орон тооны бус зөвлөх, 2017-2019 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны есдүгээр сараас “Тавантолгойн төмөр зам” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, санал хэллээ.
Б.Дамба-Очир: -Барьцаалан зээлдүүлэх хоршоог цэгцлэх боломж бий юү. Ялангуяа автомашин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хүмүүс тэрбум, тэрбумаар нь ашиг олж, мөнгө угаадаг гэж байна. Энэ чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооныхон ажиллах боломжтой юу?
Ц.Цэрэнбадрал: -Хорооны гишүүдтэй зөвлөлдсөний дараа энэ асуултад хариулах боломжтой. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооныхонд уг асуудлыг ярьж, хэлэлцэх, шийдвэрлэх эрх, үүрэг байхгүй. Түүнчлэн уг хороо тодорхой удирдлагатай байгууллага учраас энэ асуултад бие дааж хариулах боломжгүй.
Б.Баттөмөр: -Өнгөрсөн 30 жилийн хугацаанд банкнаас өөр салбарт хөрөнгө оруулах орчин бүрдүүлж чадсангүй. Баримталж байгаа дорвитой бодлого алга. Энэ салбарт 11 жил ажилласан хүний хувьд та үүнийг юу гэж дүгнэж байна вэ. Мөн СЗХ-ны Үнэт цаасны газрын даргаас орлогч болж албан тушаал буурсан шалтгаанаа тодруулна уу?
Ц.Цэрэнбадрал: -Тухайн үед бүтцийн өөрчлөлт хийхэд албан тушаал буурсан. Ажлын гүйцэтгэл муу юм уу, надтай холбоотой алдаа, дутагдал байгаагүй. Миний бодлоор хөрөнгийн болон даатгалын зах зээлийг өргөжүүлэхийн тулд дөрвөн зүйлд анхаарах нь зүйтэй. Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг дэмжих, энэ зах зээлд оролцогчдоо бодлогоор дэмжих, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, гаргаж байгаа шийдвэрээ хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.
Ингээд санал хураалт явуулахад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.