Мягмар гарагт /2019.12.10/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа гэж РИА Новости мэдээлэв. Уулзалтын талаар "АНУ-ын дотоод нөхцөл байдлыг бид ойлгож байгаа бөгөөд талууд үр дүнд хүрэх боломжтой салбаруудад ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Стратегийн довтолгооны зэвсэглэлийг бууруулах тухай гэрээг сунгах хувилбаруудыг АНУ-д санал болгосон” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гэрээг сунгахад бэлэн байгаагаа С.Лавров мөн батлан мэдэгдсэн байна. Түүнчлэн Персийн булан дахь хямралыг даамжруулахгүй байх алхмуудыг авч хэрэгжүүлэх, Ираны эрх баригчидтай байгуулсан гэрээнээс АНУ гарсантай холбоотой асуудал хийгээд БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцжээ. Лавров мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Д.Трампыг Ялалтын баярт хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд “ийм боломж гарвал хоёр талт бүрэн хэмжээний яриа хэлэлцээг зохион байгуулах боломжтой болох юм” хэмээн ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг уулзалтыг “маш сайн” болсон хэмээн үзэж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Бид Иран, БНАСАУ болон цөмийн зэвсэглэлд хяналт тавих, сонгуульд хөндлөнгөөс оролцохтой холбоотой асуудал гээд олон зүйлийг хэлэлцлээ. Ойрын хугацаанд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.