АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намынхан өчигдөр Ерөнхийлөгч Доналд Трампыг хариуцлагат татах үндэслэлүүдийг танилцуулжээ. Тэд ерөнхийлөгчийг албан тушаалаа буруугаар ашигласан, конгрессын шалгалтын явцад саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгасан байна. Тухайлбал 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Жо Байденыг шалгуулж, нэр хүндийг нь унагахын тулд Украин улсад үзүүлэх байсан тусламжийг барьцаалж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлснийг албан тушаалаа буруугаар ашигласан хэрэг гэж үзжээ. Эл хэргийг шалгах гэсэн конгрессын үйл ажиллагаанд саад учруулж, баримтыг нуух, гэрчүүдээр мэдүүлэг өгүүлэхгүй байх үйлдэл хийсэн гэж мөн буруутгаж байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард Трамп Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа дээр дурдсан шахалтыг үзүүлсэн байж болзошгүй талаар Цагаан ордны нэгэн албан тушаалтан хууль зүйн яаманд мэдээлснээр энэ асуудал сөхөгдсөн бөгөөд хожим төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгч Нэнси Пелоси Ерөнхийлөгч Трампыг хариуцлагат татах ажиллагаа явуулах эсэхийг шийдэх мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн юм. Доналд Трамп өөрийнх нь эсрэг явуулж буй уг үйл ажиллагааг эсэргүүцсээр байна. “АНУ-ын эдийн засаг ийм сайн үзүүлэлттэй байхад гэмгүй ерөнхийлөгчийг шүүх гэж байгаа нь цэвэр улс төрийн солиорол юм” гэж тэрбээр Твиттер хуудсандаа өчигдөр бичжээ.