ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпеогийн урилгаар Вашингтонд хүрэлцэн ирлээ гэж “ТАСС” мэдээлэв. Лавров Парис хотод болсон “Нормандын дөрөв”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа шууд тус улсыг зорьсон байна. Хоёр орны дипломат байгууллагын тэргүүн нар уулзалдахаас гадна Сергей Лавровыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн авч уулзах болсныг Цагаан ордон өмнө нь мэдэгдсэн юм. Лавров, Трамп нарын уулзалтыг өнөөдөр орон нутгийн цагаар 14:30 цагт товлосон бөгөөд хэвлэлийнхний хувьд хаалттай болох аж.