Байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. Тэрбээр Ерөнхий сайдын айлчлалын багийн гишүүн бөгөөд байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах асуудалтай холбоотойгоор манай Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч юм.
-ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах ажлын суурийг сая тавилаа. Энэ хүртэлх яриа хэлцэл хэр удаан үргэлжлэв. Дараагийн ажил юу байх вэ?
-Улсынхаа нутгаар байгалийн хийн хоолойг дамжуулах талаар Засгийн газрын түвшинд нэлээд хэдэн удаа ярьсан. Энэ сарын 3-нд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэлсэн. Үүнээс гурав хоногийн өмнө бэлтгэл ажлыг хангахаар манай ажлын хэсгийнхэн ОХУ-д ирж, “Газпром”-ын хүмүүстэй гэрээ хэлцэл хийлээ. Үүний хүрээнд хоёр хувилбараар ярилцсан л даа. Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд албан ёсны айлчлалаа эхлүүлэхийн өмнө “Газпром” компанийн захирал, орлогч хоёртой тусгайлан уулзсан. Урьдчилж ажилласан ажлын хэсгийн дүнтэй танилцаж, санал солилцсон гэсэн үг. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведевтэй хийсэн уулзалтын үеэр ч хийн хоолойн талаар хөндөж ярилцсан. Ингээд Сочи хотноо Ерөнхий сайд хоёр уулзалт хийсэн. Эхлээд Засгийн газар хоорондын комиссын дарга, Шадар сайд А.Гордеев тэргүүтэй холбогдох албаныхантай уулзлаа. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Роснефть”, “Газпром”-ын захирлууд, сайд А.Гордеев нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Үндсэндээ “Сибирийн хүч-2” буюу ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах шийдвэрийг Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар тохиролцоод, дэмжчихсэн. Тиймээс одоо юуны түрүүнд энэ бүхнийг хийхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Монголын тал ямар хууль, шийдвэр батлах ёстой вэ гэдгээ маш сайн тохиролцох ёстой.
-Хууль, эрх зүйн орчныг нь яаж бүрдүүлэх вэ?
-Албан ёсны хэлэлцээний хүрээнд ярьсан зүйлүүдийг л хэлье. Хоолойг манайхаар дайруулснаар ОХУ байгалийн хийгээ хаана, ямар үнээр зарах вэ гэх зэрэг асуудал гарч ирнэ. Монгол, Оросын хилийн үнээр зарна. Нөгөө талд буюу БНХАУ-д ч бас худалдах ёстой. Тэгэхээр гурван талыг хамарсан гэрээ хэлцлүүд хийж таарна. Эл гэрээ, хэлцлийг хүчинтэй байх хэмжээний хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс хууль, эрх зүйн орчноо судлах чиглэлээр гурван талаас экспертүүд ажиллуулахаар төлөвлөж байгаа.
-Урьдчилсан байдлаар хэдий хугацааны дараа гурван тал гарын үсэг зурах бол?
-Эхлээд айлчлалын дүнгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлнэ. Нэлээд шуурхай ажиллах байх. Тиймээс тусгайлан ажлын хэсэг байгуулах болов уу. Энэ ажлыг хийхэд улс төрийн хувьд янз бүрийн саад бэрхшээл алга, эдийн засгийн ашгийн хувьд ч эргэлзэх зүйл байхгүй учраас Монголын нутгаар тавих хийн хоолойтой холбоотой ажлыг эрчимжүүлье гэдэгт манай Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр уулзахдаа ойлголцож тохирсон.
-Байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, эсэх тухай яриа шинэ биш. Олон жил ярьсан ч тодорхойгүй зүйл. Энэ ажлыг тодорхой болгохын тулд ажлын хэсгийнхэн ямар зарчим баримтлав?
-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нь зөвхөн манай хүсэл л байсан шүү дээ. Үнэндээ нөгөө талууд нь “За” гэж ер хэлээгүй, цаасан дээр ч буугаагүй л зүйл. Харин хийн хоолойг Монголын нутгаар дамжуулж тавина гэдгээ ОХУ сая анх удаа илэрхийллээ. Хоёрдугаарт, энэ бүхэн бас л эл айлчлалын хүрээнд анх удаа цаасан дээр анх бууж, баталгаажлаа. В.Путин Ерөнхийлөгч “БНХАУ руу татах байгалийн хийг Монголын нутгаар дамжуулах улс төрийн шийдвэр гарчихлаа. Эдийн засгийн үр ашигтай байх тооцоолол байна” гэж хэлсэн. Тэгэхээр хариуцсан ажлуудаа л сайн хийх хэрэгтэй.
-Хоолойг ямар маршрутаар тавихаа тохиролцсон уу?
-Сая албан ёсны хэлэлцээний хүрээнд хоолойг яг хаагуур тавих вэ гэдгийг үндсэндээ тохиролцсон. Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу тавихаар ярилцаад байна.
-Дамжуулах хийн хэмжээ ямар байх бол?
-Жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах талаар ярилцсан. Мэдээж гол худалдан авагч БНХАУ-ын зах зээлийг бид нэлээд сайн судалж байна. Сүүлийн 2-3 жилд БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 100 орчим тэрбум шоо метрт хүрэх тооцоо бий. Тиймээс худалдан авах зах зээлийн хувьд ямар нэг бэрхшээл үүсэхгүй гэсэн үг.
-Эдийн засгийн үр ашгийг тооцсон уу?
-Жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулахад эдийн засгийн үр ашиг мэдээж бий. Бид дамжин өнгөрүүлсний төлбөр авна. Бас байгалийн хий авах боломж ч гарч ирнэ.
-Бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхэд манай талаас хэдий хэмжээний санхүүжилт гаргахаар байгаа вэ?
-Үүнийг нарийн яриагүй байна. Нарийвчилсан зураг гарахаар яг таг тоо хэлж болно. Одоо ярьж байгаа зүйлүүд бол үндсэндээ “Сибирийн хүч-1”, эсвэл Европ руу гаргаж буй хийн хоолойтой холбоотой тоо баримтад үндэслэж байгаа. “Газпром” 100 мянга гаруй км хоолой тавьсан. Үүндээ үндэслээд Монголын нутгаар дамжих хоолойн өрсөлдөх чадвар маш өндөр гэж үзэж буйгаа удирдлага нь хэлсэн.
-Уг төслийн ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ?
-Зургийн ажлыг эхлүүлэх чиглэл өгсөн. Үүнд жил хагас орчмын хугацаа орно гэж үзэж байгаа. Монголын нутаг дээгүүрх хоолойг төмөр зам дагасан маршрутаар хийвэл ложистикийн хувьд их амар болчихно. Том хоолойнуудыг тээвэрлэхэд ч хялбар. “Сибирийн хүч-1”-ийг хийхэд ложистикийн хувьд амаргүй, цаг агаар таарамжгүй, намаг ихтэй байсан учир нэлээд төвөгтэй байсан гэдэг. Зураг гарсны дараа дөрвөн жилийн хугацаанд үүнийг барьсан юм билээ.
-Манай улсаар дамжих хоолой ямар урттай байх вэ?
-1060 км орчим газарт хоолой тавина.
-Хэдий хугацаа зарцуулах бол?
-Хоёр жилийн хугацаанд барьчих болов уу гэж ярьсан. Ажлын нарийвчилсан зураг бэлэн болсны дараа илүү тодорхой болно.